Украинд болж буй мөргөлдөөний улмаас дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ урьд өмнө байгаагүй өндөр буюу одоогийнхоос 8-22 хувиар өсөж болзошгүй гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) таамаглаж байна. Тус байгууллагын тайланд Орос, Украин нь хөдөө аж ахуйн бү- тээгдэхүүний дэлхийн томоохон үйлдвэрлэг- чид болохыг тэмдэглэжээ. 2016/2017-гоос 2020/2021 онд арвай, улаан буудай, эрдэнэ шишийн нийлүүлэлтийн тус бүр 19, 14, дөрвөн хувь нь уг хоёр улсад ногдсон. Ийнхүү тэд дэлхийн үр тарианы экспортын гуравны нэгээс илүү хувийг бүрдүүлж байна. Орос, Украин нь рапсын тосны нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг бол наранцэцгийн тосны зах зээлд 52 хувийг эзэлж байна. Үүнээс гадна ОХУ нь эрдэс бордооны дэлхийн зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг. Хар тэнгисийн бүс нутгаас үр тариа, наранцэцгийн экспорт огцом буурч бусад орны нийлүүлэлтээр 2022/2023 онд зарим талаар нөхөх боломжтой гэж НҮБ-ын ХХААБ тэмдэглэв. Гэхдээ нийлүүлэлтийг өсгөх боломж нь үйлдвэрлэлийн өртөг нэмэгдсэнээр хязгаарлагдах бололтой. Энэ нь дэлхийн зах зээлд хүнс, малын тэжээлийн үнэ өсөхөд хүргэж бол - зошгүй юм. Ташрамд дурдахад, ОХУ, Украины хоорондын цэргийн мөргөлдөөнөөс үүдэлтэй нефтийн үнийн өсөлтөөс болж хүнсний үнэ нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ-ын ХХААБ онцолжээ. “Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хангахад “Ковид-19”-ийн цар тахалтай холбоотой олон сорилт бэрхшээл тулгарсан. Өнөөдөр Орос, Украинд болж буй үйл явдлууд нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна” гэж НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал Цюй Дунъюй хэлэв. Тиймээс ОХУ-д тавьсан экспортын хязгаарлалтаас гадна Орос, Украины үр тариа, тосны ургамлын үйлдвэрлэлийн сүлжээ, нийлүүлэлтийн ложистикийн доголдол дэлхийн хүнсний аюулгүй байдлын түвшинд мэдэгдэхүйц нөлөөлнө гэж тэрбээр үзэж байна. “Юуны түрүүнд, үр тарианыхаа 30 гаруй хувийг Орос, Украинаас авдаг орнуудын 50 ор- чим хувь нь үүнийг мэдэрнэ. Эрдэс бордооны хэрэгцээний 50 гаруй хувийг ОХУ-аас авдаг Европ, Төв Азийн орнуудын олонход ирэх онд ч хязгаарлалт үргэлжилж болзошгүй” гэж Цюй Дунъюй хэлжээ. Үүний сацуу ОХУ-ын Төвбанкны алт, валютын нөөцийн тал орчим хувийг битүүмжилснийг тус улсын Сангийн сайд Антон Силуанов мэдэгдэв. Тодруулбал, 640 тэрбумын 300 тэрбумыг ашиглах боломжгүй болжээ. Оросын алт, валютын нөөцийн нэг хэсэг нь Хятадын мөнгөн тэмдэгтээр байдаг бөгөөд тус улстай хийх худалдааг хязгаарлахын тулд Өрнөдийн орнууд БНХАУ-д шахалт үзүүлж байна. ОХУ-д найрсаг бус хандсан, алт, валютын нөөцөө ашиглахад хязгаарлалт тавьсан орнуудад төлөх ёстой өрөө рублиэр барагдуулна гэж А.Силуанов тэмдэглэв. Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын улмаас Өрнөдийн орнуудаас авч буй хориг арга хэмжээ Оросыг гүн хямралд оруулна гэж Олон улсын валютын сан үзсэн юм. Орос, Украины хэлэлцээг цахим хэлбэрээр үргэлжлүүлэхээр болсныг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлсэн. Үүнээс өмнө Беларусьт, Туркт болсон хэлэлцээ үр дүнгүй шахам дуусжээ. Харин энэ удаа Төрийн тэргүүн нарын уулзалт зохион байгуулах талаар бололцоотой бүхнийг хийх тодорхой даалгаврыг төлөөлөгчдөдөө өгснөө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв.