“Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг “Turquoise hill resources” компанийн хувьцааны 49 орчим хувийг худалдаж авах санал тавьснаа “Rio tinto” групп цахим хуудсандаа мэдээлэв. Тодруулбал, нэгж хувьцааг 34 канад доллароор буюу нийт 2.7 орчим тэрбум ам.доллароор авах санал гаргасан аж. Энэ нь Торонтогийн хөрөнгийн бирж дэх сүүлийн хаалтын ханшаас 32 хувиар өндөр дүн гэнэ. Өдгөө “Rio tinto” нь “Turquoise hill resources”-ийн 51 орчим хувийг (102.1 сая ширхэг хувьцаа) эзэмшиж буй билээ. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчид уг саналыг зөвшөөрвөл “Оюутолгой”-н 66 хувийг дээрх групп эзэмших юм. Энэ нь засаглал, Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахад эерэг нөлөөтэй хэмээн үзэж буй аж. Үлдэх 34 хувийг нь Засгийн газар буюу “Эрдэнэс Оюутолгой” компани эзэмшсэн хэвээр байна. Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise hill resources” нь “Rio tinto”-гийн шууд бус эзэмшлийн компани юм. “Rio tinto” групп энэхүү түншлэлийн өмнөөс “Оюутолгой” төслийн менежментийг хариуцдаг билээ.