Хүрээлэн буй орчны доройтлыг багасган, хүлэмжийн хийг бууруулж, байгалийн баялгийн нөөцийг үр ашигтай зарцуулах зорилго хүн төрөлхтөнд бий. Ийм зорилгоор олон ажил хийж буйн нэг нь “ногоон” эдийн засгийг хөгжүүлж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Үүний хүрээнд Монголын банкууд олон улсын санаачилгад нэгдэн, 2015 оноос тухайн төслийн байгаль орчин, нийгэмд ээлтэй байдлыг үнэлэн, “ногоон” зээл өгч эхэлжээ. Одоогоор уг зээлийн үлдэгдлийн хэмжээ 260 орчим тэрбум төгрөг байна. Энэ нь нийт зээлийн 1.2 хувийг эзэлсэн дүн юм. Ийм зээлийн хүү 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар зориулалтаасаа хамаарч өөр өөр байсан ч жилд дунджаар 14 хувьтай байгааг Монголбанкны тайланд дурджээ. Эрчим хүч, дулааны хэмнэлттэй орон сууц, үйлдвэрийн барилга барих, гэр хороолол, жуулчны баазуудын ариун цэврийн байгууламжийг шинэчлэхэд “ногоон” зээл авч болох аж. Мөн тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, газар тариалангийн салбарт дэвшилт техник, технологи нутагшуулахад ч дээрх зээлийг авч болох юм билээ. Цаашилбал, уг зээлийг найман бүлэг, 28 дэд бүлэг, 56 технологи нутагшуулахад олгохыг Төвбанкны баримт бичигт дурдсан байна. Түүнчлэн арилжааны банкны “ногоон” зээлийн зарим бүтээгдэхүүний жилийн хүү 6-8 хувь гэж танилцуулгадаа бичжээ. Тэгвэл ийм олон чиглэлд, багавтар хүүтэй олгож буй зээлийн хүртээмж ямар байгаа бол. Үүнийг тодруулахаар хувийн байшин барих, туршлага солилцох фэйсбүүк группийн гишүүдээс санал асуув. 50 иргэн хариулт ирүүлснээс 48 нь буюу 96 хувь нь байшин барих зорилгоор “ногоон” зээл авах гээд чадаагүй гэв. Тодруулбал, Баянзүрх дүүргийн иргэн Б.Батзориг “ХААН банкнаас байгальд ээлтэй, эрчим хүч болон дулааны хэмнэлттэй технологи ашиглан барих байшинд, хүү бага “ногоон” зээл олдох уу хэмээн өнгөрсөн аравдугаар сард лавлахад одоогоор өгөхгүй гэсэн. Лав ХААН банкнаас өгдөг “ногоон” зээл “тасарсан” байгаа. Харин амины орон сууц барих зээлийн хүү нь сарын 1.2-1.3 хувь гэсэн” гэв. Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Баярбаатар “Хас” банкнаас “ногоон” зээл хүсэхэд төвийн халаалтын
шугамд холбогдсон газарт байшин баривал өгч болно гэсэн. Мөн жилийн хүү нь 13 орчим хувь байсан нь өндөр дүн учраас авч чадаагүй” хэмээв. Тэгвэл Баянгол дүүргийн иргэн С.Чимэгбаяр “Хүү багатай болов уу гэж найдан “ногоон” зээл сонирхож үзсэн. Арилжааны банкуудаас бол олдоогүй. Харин эрчим хүч, дулааны хэмнэлттэй “ногоон” байшин барих компани нь урьдчилгаа 50 хувийг авч, сарын нэг хувийн хүүтэй, таван жилийн хугацаанд үлдсэнийг нь төлөх нөхцөл санал болгосон. Газрын гэрчилгээтэй байх төдийгүй орлогоо нотлох шаардлагатай юм билээ. Манайх 60 орчим ам метр талбайтай байшинг, нэг ам метрийг нь 1.7 сая төгрөгөөр бариулахаар судалж буй. Ингэхэд 50 сая төгрөгийн урьдчилгаа өгнө. Өндөр таазтай, саруулхан цонхтой, цэвэр, бохир усных нь асуудлыг бүрэн шийдсэн, эрчим хүчний хэмнэлттэй байшин барих юм. Бид газраа бэлтгэх ёстой” гэв. Харин Чингэлтэй дүүргийн иргэн Д.Сансарбаатар “Манайх зургаан ханатай гэрийг цахилгаанаар халаах төхөөрөмж худалдан авч, хана, туургаа зориулалтын материалаар дулаалахад гурван сая төгрөг зарцуулсан. Үүнийг “Хас” банкны жилийн зургаа буюу сарын 0.5 хувийн хүүтэй “ногоон” зээлээр шийдсэн юм. 1.5 жилийн хугацаатай авсан уг зээлийн төлбөрт сард 170 000 орчим төгрөг төлдөг. Өнгөрсөн өвөл дулаан өвөлжсөн, цахилгааны зардал төдийлөн нэмэгдээгүй. Тиймээс сэтгэл хангалуун байна” гэж ярилаа.
“Ногоон” зээлийн хүртээмжийн талаар Монголбанкнаас тодруулахад зээлийн санхүүжилт болон хүүгийн хэмжээг Төвбанк хариуцахгүй. Арилжааны банкууд хөрөнгөө өөрсдийн эх үүсвэрээс гаргах, эсвэл бусад орноос татан төвлөрүүлдэг. Тиймээс өөрсдийн шаардлагаа тавина гэсэн үг. Төвбанкны зүгээс репо санхүүжилт хийх, гадаадын орноос татаж буй “ногоон” зээлийн хүүд татаас өгөх байдлаар оролцож болно. Сүүлийн жилүүдэд бүх зээлийн жигнэсэн дундаж хүүгийн хэмжээ буурч байгаа. Жишээ нь, “ногоон” зээлийн хүү багассаар хэрэглээнийх нь жилд дунджаар долоон хувьд хүрсэн” гэв. Хүү бага, “ногоон” зээл авч байшин барихаас илүүтэйгээр гэр, байшингийнхаа дулаалгыг сайжруулах, үүний хүрээнд дэвшилт технологи нэвтрүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад “Дулаан шийдэл” зэрэг төслөөс дэмжлэг авч болох аж. Тухайлбал, байшин барилгынхаа дулаан алдагдлыг хэм жүүлж, тухайн хэсэгт тохирсон чанартай материалыг худалдан авч, дулаалуулах боломж байгаа юм. Материалын үнэ болон дулааны алдагдал тодорхойлох, дулаалах ажлын өртгийг тооцон зээл ч авч болох гэнэ. Дээрх төслийнхнөөс зээлийн хүүгийнх нь талаар тодруулахад, “Бид ХААН, “Хас” банкны хэрэглээний “ногоон” зээл авахад тусалж болно. Мэдээж банкны зохих шаардлагыг хангасан байх учиртай бөгөөд зээлийн хүү жилийн найман хувь. Харин банк бус санхүүгийн байгууллагаас зээл авбал шалгуур бага ч хүү нь жилийн 10 хувиас давдаг. Гэхдээ иргэд байшин, гэрээ халаахад зарцуулах түлш, цахилгааны зардлаа хэмнэдэг учраас дулаалгаа зээлээр шийдүүлбэл ашигтай” хэмээн өгүүлэв. Манай улсад арилжааны 12 банк бий. Тэдгээрээс системийн нөлөө бүхий тав нь буюу “Голомт”, ХААН, “Хас”, Худалдаа, хөгжлийн болон Төрийн банк “ногоон” зээлийн бүтээгдэхүүнтэй хэмээн танилцуулгадаа бичжээ. Гэхдээ “ногоон” технологи нутагшуулах, гэр, байшингийн дулаалгыг сайжруулах, утаагүй зуух болон сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдан авах зэрэг буюу хэрэглээний зээл санал болгож байгаа юм. Ийм зээлийн жилийн хүү нь багадаа зургаа, ихдээ 13. Харин “ногоон” байшин барих зээлд 120 хүртэлх сая төгрөг олгох ч барилгынхаа нийт зардлын 20 хувийг бүрдүүлж, сард багадаа нэг хувийн хүү төлөх нөхцөл тавьжээ. Эндээс харахад, хувийн байшин барихаар төлөвлөж буй иргэдийн олонх нь “ногоон” зээлийн шалгуурыг хангахгүй буюу урьдчилгаа төлбөр төлөх чадамжгүй байх магадлал өндөр юм. Хүү нь ч ипотекийн зээлийнхээс ахиу байгаа нь яндангийн тоог цөөрүүлж, агаарын чанар болон иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах зорилгод үл нийцэж буй хэрэг. Цаашид арилжааны банкууд “ногоон” зээлийнхээ хүртээмжийг өсгөн, хэрэглээний зээлийн ангиллаас дээшлүүлж, амины орон сууц барихыг түлхүү дэмжих шаардлага байна. Ташрамд дурдахад, иргэдийн хамгийн ихээр сонирхож буй зээлд “ногоон” автомашины лизинг багтдаг аж. Хэрэв цахилгаан хөдөлгүүрт автомашин сонирхож байвал урьдчилгаа төлбөрт багадаа 10 хувийг төлөөд сарын нэг хувийн хүүтэйгээр, 30 сарын лизингээр авч болох нь. Энэ нь шатахуун зарцуулдаг автомашины лизингийн нэг сарын хүүнээс 0.6-1.5 хувиар бага дүн юм.
Бэлтгэсэн С.Дулам