Түүхий эдийн “Эмээлт” захад өнгөрсөн амралтын өдрүүдэд ямааны арьсыг 40 000-45 000, ноолуурыг кг-ыг нь 130 000-155 000 төгрөгөөр худалдан авч байв. Хонины ноосыг 1700-1800, нэхий болон өлөнг 4000 төгрөгөөр, үхрийн ширийг 8000-аар үнэлсэн байжээ. Энэ нь сүүлийн хагас жилд ноолуурын үнэ кг тутамдаа дунджаар 30 000, үхрийн ширнийх 1000 орчим төгрөгөөр нэмэгдсэн дүн аж. Харин нэхий болон өлөнгийн үнэ 1000-аар хямдарч, хонины ноос кг нь 800 орчим төгрөгөөр ахив. Үүнээс гадна адууны ширийг өнгөнөөс нь хамаарч 11 000- 50 000 төгрөгөөр худалдан авсан нь сүүлийн нэг жилд тогтвортой байсан дүн аж. Ташрамд дурдахад, манай улс жилд 10 000 орчим тонн ноолуур, дунджаар 20 сая ширхэг шир, нэхий, арьс бэлтгэн нийлүүлдгээс улирлын чанартайгаар ноолуурын үнэ 50 000 хүртэлх төгрөгөөр хэлбэлздэг бол бусдынх нь ширхэг тутамдаа 1000-3000-аар өөрчлөгдөж байгаа юм.
Бэлтгэсэн С.Дулам