Ашигт малтмал, газрын тосны газрын даргын удирдамжаар Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэгч 40 аж ахуйн нэгжийн шатахуун хадгалж буй 29, шингэрүүлсэн шатдаг хийн 11 агуулахыг энэ сарын 1-25-нд шалгах аж. Өнгөрсөн баасан гаргийн байдлаар найман аж ахуйн нэгжид (“Газ ойл нефть”, “Лекс ойл”, “Монсуль”, “М-ойл групп”, “М1 энержи”, “Синчи-ойл”, “Эко вест ойл”, “Петрохаан”) шалгалт хийжээ. Тодруулбал, тэдгээрийн агуулахын барилга, байгууламжийн гал тэсвэрлэх зэрэглэл, сав, тоног төхөөрөмж хоорондын болон бусад объект хүртэлх галын аюулын зай хэмжээ, бүтээгдэхүүн хадгалж байгаа савны парк, орлого, зарлагын технологийн ил шугам хоолой, ачих, буулгах байгууламжийн үндсэн бүрэлдэхүүн, насос станцууд нь норм, стандартын шаардлага хангаж буй, эсэхэд техник, технологийн үзлэг, шалгалт хийсэн гэв. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ийм агуулахуудад тогтмол давтамжтай үзлэг, шалгалт хийдгийг мөн дурдлаа.