Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн өнгөрсөн оны үйл ажиллагааны жилийн эцсийн тайлангийн нэгтгэл гарсныг Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн баасан гарагт мэдээлэв. Энэ хугацаанд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын тусгай зөвшөөрөл бүхий 248 хуулийн этгээд 269 брокер, 1367 агенттайгаар үйл ажиллагаа эрхлэхээр тус хороонд бүртгүүлсэн байна. Дээрх хуулийн этгээдүүд нь 366 хувьцаа эзэмшигчийн 20.6 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа эрхэлсэн дүн гарчээ. Энэ нь өмнөх оныхоо мөн үеийнхээс 4.9 хувиар өссөн гэсэн үг. Мөн үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч 40 хуулийн этгээд, 436 иргэн тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлж буй аж.