Дорнын говьд улс орны эдийн засагт стратегийн ач холбогдолтой дахин нэг бүтээн байгуулалт эхлүүлсэн нь Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам байлаа. Уг чиглэлд төмөр зам тавих зорилтыг анх 2010 онд УИХ-ын 32 дугаар тогтоолоор баталсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгасан. Үүнээс 12 жилийн дараа Монголын төр бүтээн байгуулалтыг нь эхлүүлэв. Эл төмөр замыг тавих талаар дээрх бодлогоос гадна Монгол Улсын хөгжлийн урт хугацааны “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2020-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, УИХ-ын мөн оны 24 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан юм. Уг төмөр замыг тавих талаар 2020 оноос хойш УИХ болон Засгийн газар бодлого, төлөвлөгөөний олон баримт бичигтээ тусгасан байгаа биз. Энэ нь Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам тавих улс төрийн шийдвэрт нэгэнт хүрсний илэрхийлэл билээ.
УИХ өнгөрсөн жил 106 дугаар тогтоолоороо “Шинэ сэргэлтийн бодлого” баталсан. Уг бодлогын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төсөлд Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам тавих ажлыг мөн л багтаав. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг зорилт нь хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн дэд бүтцээр холбох юм. Эл зорилтыг хэрэгжүүлэх нэгэн чухал төсөл учраас Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад Засгийн газар онцгой анхаарч, богино хугацаанд эхлүүлж байна. Уг чиглэлд төмөр тавих төслийг барих-ашиглах-шилжүүлэх төрлийн концессоор хэрэгжүүлэх компанитай шууд гэрээ байгуулах үүргийг Засгийн газраас энэ оны эхэнд Төрийн худалдан авах ажиллагааны газарт өгсөн. Хэрэв олон улс болон дотоодод сонгон шалгаруулалт зарласан бол төмөр зам барих ажил өдийд эхлэхгүй байсан нь тодорхой. Тэгэхээр уг төмөр замыг монголчууд дотоодын нөөц бололцоондоо тулгуурлан өөрсдөө тавихаар шийджээ гэж ойлгож болох нь.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын албан ёсны нээлт өнгөрсөн баасан гарагт Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Халзан цав гэдэг газарт болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ төмөр замын бүтээн байгуулалтын нээлтэд оролцов. Түүнийг Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон албаны бусад хүн дагалджээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр “Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа, бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, боомтын тээгийг тайлах эхний томоохон алхам болж чадах юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар манай улсын уул уурхайн экспортын гол зах зээл болох БНХАУ-ын Бугат хот хүрэх тээвэр 388 километрээр богиносож, өртөг багасаж, хугацаа хэмнэнэ” хэмээн онцлон тэмдэглэв. Уг төмөр замыг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй концессоор эзэмших аж ахуйн нэгж нь “Монголиан транс лайн”, “Монголиан транс ложистик” компанийн нэгдэл юм. “Болд төмөр Ерөө гол” компанийн Баянголын уурхайгаас төмөр замаар төмрийн хүдэр тээвэрлэх ложистикийг дээрх хоёр компани хариуцан ажилладаг. Тиймээс энэ салбарт хамгийн их туршлага хуримтлуулсан хувийн хэвшлийн компаниуд юм. Концессын гэрээ нь 20 жилийн хугацаатай үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, дээрх нэгдэл уг төмөр замыг 20 жилийн дараа төрийн өмчид шилжүүлж өгөх үүрэгтэй. Ханги-Мандалын боомт руу тавих төмөр замыг Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын 111 дэх км-т шинээр төлөвлөсөн өртөөнөөс эхлүүлж, Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумын нутагт 226 км бүтээн байгуулалт хийх аж. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь өргөн буюу 1520 мм царигтай, хоёр өртөө, зургаан зөрлөг бүхий гуравдугаар зэрэглэлийнх байхаар төлөвлөжээ. Иймээс Ерөнхий сайдын дурдсанчлан жилд 20 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байна. Цаашид зөрлөгийн тоог нь 10-12-т хүргэвэл жилд 35 сая тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэх гэнэ. Төмөр зам тавих газар нь хэвгий багатай аж. Энэ нь төмөр замын дотоод бүтэц буюу даланг барих зардлыг бууруулах нөхцөл болно. Үүний талаар “Монголиан транс лайн” компанийн гүйцэтгэх захирал Б.Баяржаргал “Судалгааны үндсэн дээр Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын 111 дэх км-ээс энэ замыг салаалж тавих нь өртөг багатай гэж тооцсон. Тиймээс 400 орчим сая ам.доллар буюу байж болох хамгийн бага өртгөөр уг төмөр замыг тавина. Хэрэв гадаадын компани шалгаруулсан бол энэ төмөр замын өртөг хоёр дахин нэмэгдэх магадлалтай” гэж ярилаа.
Эл төмөр зам болон терминалыг бүтээн байгуулснаар Ханги-Мандалын боомт өдөрт есөн хос галт тэрэг нэвтрүүлэх хүчин чадалтай болно. Өөрөө хэлбэл, есөн галт тэрэг БНХАУ-ын тал руу нэвтрүүлж, есыг буцаана гэсэн үг. Замын-Үүд-Эрээний боомт өдөрт 12 хос тэрэг нэвтрүүлэх хүчин чадалтай. Одоогоор 10 хос галт тэрэг нэвтрүүлж байгаа. Тэгэхээр Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам тавьснаар БНХАУ руу төмөр замаар тээвэрлэсэн ачаа, барааг нэвтрүүлэх боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэх юм. Ингэснээр БНХАУ руу ачаа, бараа тээвэрлэх, тэндээс татахад тулгардаг боомтын тээг үгүй болно гэсэн үг. Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам тавих эхний зорилго бол ӨМӨЗО-ы Бугат хот руу тээвэрлэдэг төмрийн хүдэр, нүүрс, зэсийн баяжмалыг илүү дөт замаар хүргэх юм. Ханги-Мандалын боомтоор Бугат хот руу ачаа тээвэрлэх нь Замын-Үүд-Эрээнээр тээвэрлэснээс 388 км-ээр дөт гэдгийг дээр дурдсан. Шинэ төмөр зам тавьснаар нэг тонн ачаа тээвэрлэх зардлыг 4-8 ам.доллароор бууруулах юм байна. Энэ нь Монгол Улсын төмрийн хүдэр болон нүүрсний өмнөд хөршийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хөшүүрэг болох нь дамжиггүй. Цаашлаад ОХУ болон БНХАУ хооронд хийх транзит тээврийг нэмэгдүүлэх боломжийг ч бүрдүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг энэ оны аравдугаар сарын 31 гэхэд ашиглалтад оруулах даалгавар өгсөн. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км төмөр замыг монголчууд 14 сарын хугацаанд барьжээ. Тиймээс “Монголиан транс лайн” компанийнхан шинэ төмөр замыг зургаан сарын хугацаанд барих боломжтой гэж үзсэн гэнэ. Төмөр замын доод бүтцийг 32 компани барьж эхэлжээ. Нэг компанид 4-10 км бүтээн байгуулалт хийхээр хуваарилсан байна. Улсын хилээс дотогших 50 км замын бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний жанжин штабын дөрвөн анги гүйцэтгэж буй гэнэ. Хилийн бүсэд энгийн иргэн нэвтрүүлэх хориотой учраас цэргийн ангиудаар гүйцэтгүүлэх нь дөхөмтэй байгаа гэнэ лээ. Одоогоор төмөр замын бүтээн байгуулалтад нийт 90 аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчээр ажиллаж байгаа аж. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг барьсан компаниуд тэнд ажиллаж байгаа гэсэн. Бүтээн байгуулалтын үед 3500 хүн ажлын байртай байх нь. Харин төмөр замыг ашиглалтад оруулсны дараа 1300 ажлын байр шинээр бий болох гэнэ. Шинэ бүтээн байгуулалтыг микро түвшинд харвал, ажлын байр нэмэгдүүлэх нь, монголчууд өөрсдөө төмөр замаа тавих туршлагатай болсныг батлан харуулах нь. Макро түвшинд харвал, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг тэтгэх шинэ “судас” лугшиж эхэлнэ.
Бэлтгэсэн Т.Энхбат