Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон холбогдох мэргэжилтнүүд БНСУ-д ажлын айлчлал хийжээ. Тэд тус улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай Хөшигийн хөндийд шинэ дагуул хот байгуулж, 5000 айлын “Солонго-1, 2” орон сууцын хорооллын төслийн явцыг эрчимжүүлэхэд хамтран ажиллахаар хэлэлцээ хийсэн байна. Тухайлбал, “Солонго-1, 2” хорооллын төслийн зардал хэтэрч, барилгын ажил удааширч байгаа аж. Тэгвэл уг төслийг эрчимжүүлэхэд зөвлөх үйлчилгээний “Самоо” түншлэл компани дэмжин, талууд нэг баг болж, анх баталсан төсвөөр барьж дуусгах боломжтой гэж тооцжээ. Түүнчлэн Хөшигийн хөндийд шинэ дагуул хот байгуулахад БНСУ-ын Инчон, Сэжон хотыг байгуулж, нүүлгэн шилжүүлсэн туршлагатай “K-city network” жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлбэл үр дүнтэй гээд, санал болгожээ.