Манай улс өнгөрсөн хоёрдугаар сард 539.6 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон бол 556.5 сая “ногоон”-оор үнэлэх бараа импортолжээ. Ингэснээр импортод зарцуулсан хөрөнгө экспортоос олсон орлогоос 16.9 саяар давж, гадаад худалдааны тэнцэл сөрөг гарсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурдав. Импортын барааны 61 хувийг төмөр замаар, 27-г нь авто замаар нэвтрүүлсэн байна. Энэ нь 2021 оны мөн үеийнхээс төмөр замын нэвтрүүлэх чадвар гурван хувиар нэмэгдэн, авто замынх нь 11 хувиар багассан дүн болов. Харин экспортын бүтээгдэхүүний 34 хувийг төмөр замаар, 44-ийг нь авто замаар тэээвэрлэсэн нь жилийн өмнөхөөс авто замын ачаалал 10 гаруй хувиар багасан, төмөр замынх хэвийн байсан үзүүлэлт юм. Өнгөрсөн сард агаарын тээврээр экспорт, импортын 13-21 хувийг нэвтрүүлсэн бол буухиа болон бусад шуудангаар ачаа тээгээгүй байна.