Нийслэл хотын нутаг дэвсгэрт урд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд бүлэг бөөгнөрөл үүсгэн хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэн, бусдын захиалгаар иргэдийг заналхийлэн айлган сүрдүүлж зодох, хутгалах зэрэг гэмт хэргийг удаа дараа үйлддэг байжээ. Гэмт хэрэгтнүүд болох М, Т, А, Б, О нарын зэвсэглэсэн бүлэг этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албанаас урд шөнө (2022.03.04-05-нд шилжих шөнө) шуурхай ажиллагааг явуулж баривчиллаа. Улмаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хүргэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэхүү дайчлан баривчилгаагаар эрэгтэй 37 настай “М” /урд нь 5 удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 42 настай “П” /урд нь 4 удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 29 настай “А”, эрэгтэй 29 настай “Т” /урд нь 5 удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 56 настай “Д” /урд нь 2 удаагийн ял шийтгэлтэй/ нарыг баривчилсан байна.
Дээрх этгээдүүдээс мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах шинжилгээ авахад синтетик төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон бөгөөд бүлэг бөөгнөрөл үүсгэн удаа дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа юм.
Иймд иргэд та бүхний эрх чөлөөнд халдсан, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн болон энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж хамтран ажиллахыг хүсье.
Улмаар ийм бүлэглэлийн халдлага, дарамтад өртсөн бол нуун дарагдуулах бус анхны тохиолдлыг нь мэдээлвэл, таслан зогсоож, амь бие бусад эрх ашгийг нь хамгаална хэмээлээ. Ингэснээр дараа дараагийн гэмт хэрэг гарахаас сэргийлж чадна гэв.