АН-ынхан маргааш ээлжит бус их хурлаа хийнэ. АН-ынхан ч гэж дээ С.Эрдэнийн талынхан зарлан хуралдуулах гэж байгаа юм билээ. Зөвхөн тэд гэхэд л сүүлийн жил хүрэхгүй хугацаанд “ээлжит бус” гэх тодотголтой их хурлыг хоёр дахиа зохион байгуулах гэж байгаа нь энэ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард, цар тахлаас үүдэж цахимаар явуулсан их хурлаараа М.Тулгатыг даргаараа сонгон, батламжилсан юм. Харин нөгөө талд байгаа хэд нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ээлжит бус онц их хурал хийж, О.Цогтгэрэлийг даргаараа сонгочихоод буй.
Мэдээж бүгд намын үндсэн дүрмийн дагуу ажиллаж байна гэдэг. Ээлж дараалан зарлаж байгаа ээлжит бус их хурлуудыг эрх бүхий байгууллага болох Үндэсний бодлогын хороо зарласныг тодотгож ирсэн. Энэ сарын 5-нд болох их хурлыг ч ҮБХ-ноос зарласан гэж ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нь онцлох жишээтэй. О.Цогтгэрэлийг даргаар сонгосон талынхан ч ҮБХ-ны гишүүдийн 72 хувь нь их хурал зарлах шийдвэрийг баталгаажуулан, гарын үсэг зурсан хэмээж байсан юм. Одоо болох гэж буй хурлын тухайд ерөнхий нарийн бичгийн дарга нь 2020 оны УИХ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулсан ҮБХ-ны бүрэлдэхүүн энэ удаагийн их хурлыг зарласныг тодотгосон. Үүгээр маргаашийн их хурлыг хууль ёсны, дүрмийн дагуу гэдгийг хэлж буй хэрэг. Ч.Өнөрбаяр “УИХ-ын өнгөрсөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулсан ҮБХ-ны бүрэлдэхүүн байж л байгаа. Мөн 2021 онд болсон Ерөнхийлөгчийн болон парламентын гишүүний нөхөн сонгуульд өрсөлдөх хүмүүсийг тодруулсан ҮБХ-нд багтсан хүмүүс ч бий. Төрийн сонгуультай холбоотой АН-ын шийдвэрийг гаргасан тэдэнд асуудал байгаа бол өдгөө Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон, тангараг өргөсөн албан тушаалтнуудын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, эсэхэд эргэлзээ үүснэ” хэмээсэн юм.
АН-ын дүрэмд зааснаар их хурлыг зарлах эрх нь ҮБХ-нд бий. Үүнд 290 гишүүнийг сонгодог. Тэдний 50-иас дээш хувийнх нь саналаар аливаа шийдвэр нь хүчин төгөлдөр болдог. Дүрэмд зааснаар УИХ-ын ээлжит сонгуулийн жилээс хоёр жилийн өмнө эргэлт (ротац)-ийн сонгууль явуулах ёстой. АН-ынхан 2018 онд дотоод сонгуулиа “хүн шиг” явуулсныг эс тооцвол, өнгөрөгч парламентын сонгуулиас хойш ҮБХ-ны бүрэлдэхүүнийг дүрмийн дагуу шинэчилж, сэлгэж чадсан, эсэх нь эргэлзээтэй. Үнэндээ тэд сүүлийн хоёр жилийн хугацаанд дотоод сонгууль манатай, хөл, толгойгоо олохгүй байгаа шүү дээ. Ямар сайндаа л тус намын гишүүд нь ҮБХ-ны гишүүдээ “Та нар нэг талын л хуралд оролцож бай л даа. ҮБХ-ны гишүүд хоёр талын аль алинд нь үйлчилж, хурал зарлаад байхаар хуваагдал чинь арилахгүй байна” хэмээн аргаа барах билээ. Өөрөөр хэлбэл, их хурал зарлахаас авхуулаад эх, адаг нь үл мэдэгдэх маргаан үргэлжилсээр байна. Тиймээс ч энэ удаагийн хурлаас шийдтэй үр дүн гарна гэхэд хэцүү.
Гэтэл Дээд шүүх АН-ынхныг их хурлаа хууль ёсны дагуу хийгээд ир хэмээн тэднийг буцааж буй. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 9-нд болсон Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар АН-ын тэргүүн дэд дарга гэх Д.Ганбатаас ирүүлсэн, намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцсэн. Д.Ганбат бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга (О.Цогтгэрэл тэргүүтэй бүлгийн гишүүд нь түүнийг хэдийн даргаас чөлөөлж, өөр хүнийг оронд нь томилчихсон), сүүлийн үед С.Эрдэнийг илт дэмжих болсон нэгэн. Дээд шүүхээс “АН-ын үндсэн дүрмийн 9.1.1-т намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг их хурал нь шийдвэрлэхээр заасан байх тул ҮБХ-нд ийм эрх хэмжээ үгүй гэж үзэн, хүсэлтийг нь бүртгэхээс татгалзав” хэмээх хариу өгсөн. Үүнээс өмнө ганц сар гаруйн хугацаанд АН-ын бүртгэлтэй холбоотой 14 албан бичиг, хүсэлтийг талуудаас Дээд шүүхэд ирүүлсэн байх жишээтэй. Дээд шүүхийнхнийг ажлаар дарж, амар заяаг нь үзүүлэхгүй байгаа хүмүүс АН-ынхан болчихоод байгаа. 2020 оны сонгуульд намаа удирдаж ороод өвдөг шороодсон, өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө өрсөлдөөд ялагдсан С.Эрдэнэ энэ оны арваннэгдүгээр сарын сүүлчээс Дээд шүүхийн цахим бүртгэлийн санд АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ илгээж эхэлжээ. Ингээд зогсохгүй түүний удирдан зохион байгуулсан хурлаас тодорсон М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ ч С.Эрдэнэ буцаан татлаа. М.Тулгат ч С.Эрдэнийн талаар таагүй үг унагах болов. Намын бүртгэл нь наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихсон, тамгаа тойрон хэрэлдэж байгаа АН-ынханд найдах хэрэг байна уу. Энэ намд хуваагдаагүй юм гэж алга. Үндэсний бодлогын хороо, Дотоод сонгуулийн хороо, УИХ дахь намын бүлэг, тамга, дарга, байр гээд хоёр талд, тус тусдаа үйл ажиллагаа явуулж байна. Эцэст нь фракцууд нь хүртэл дотроо хагарч, тамга, тугаа булаацалдаж буй.
Үнэндээ АН-ынхан хоёр талд мянган сайхан хурал хийж, хэчнээн ч асуудал хэлэлцсэн үр дүнгүй гэсэн үг. Жишээ нь, маргааш тэд намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулах юм гэсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярын хэлснээр намын даргад эрх мэдлийг төвлөрүүлэх бус, нийт гишүүн хамтын зарчмаар шийдвэр гаргах зохицуулалтыг дүрэмдээ оруулах юм байх. Сонсоход сайхан ч биелнэ, эвлэрнэ гэх итгэл алга. С.Эрдэнэ, О.Цогтгэрэл, М.Тулгат гээд тэд бүгд намынхаа дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулаад бүгдийг сайхан болгочихно гэсэн, хаана байна вэ. Тэд гишүүдийнхээ, сөрөг хүчнийг үгүйлсэн олон нийт, дэмжигчдийнхээ чихэн дээр олон гоё зүйл ярьснаас бус хэрэгжүүлж, бодитой болсон зүйл ажил нэг ч алга. Харин ч эвлэрэх зай нь улам алсарч байгааг ухаарахгүй байгаа бололтой. Олон ч гоё, сайхан заалт цаасан дээр үлдэж, Дээд шүүхийн босго давж чадахгүй хэвтэж байна шүү дээ. Тэд шүүхийг буруутгаж, дайраад яах билээ. Өөрсдөд чинь гол асуудал нь байна, АН ынхаан.
МАН-ыг буруутгаж, бусдад гоморхох эрх АН-ынханд байхгүй. Сүүлийн жилүүдэд болсон бүхий л сонгуульд дараалан навс ялагдаж, өнөөгийн эрх баригчдад дураараа дургих боломж өгсөн хүмүүс нь тэд өөрсдөө. Үүний бурууг АН дотроосоо хайж олохоос бус, Ардын намаас эрээд хэрэггүйг тэд ойлгохгүй баймааргүй сэн. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараачаас эхлэлтэй үл ойлголцол нь ил тод болж, цагаандаа гарав. Одоо олон нийт ч, өөрсдөө ч, өрсөлдөгч хүчин нь ч тэдний талцалд гайхаж, цочирдохоо больсон гэлтэй. Хоёр талд хэдэн ч хурал хийж, хэн хэн нь хэчнээн удаа Дээд шүүхэд хандаад, татгалзсан хариу авсныг тоолоод ч нэмэргүй. Цаашид ээлжит бус, онц гэх тодотголтой хурлууд нь хэд болохыг таашгүй. Сүүлдээ талууд нь дотроо хагаралдаж, хоёроос ч олон хэсэгт хуваагдсаныг бүгдээрээ харж байна. Нөгөө “дээс томж найзыгаа авардаг” үлгэр шиг тамга, дарга тойрсон хэрүүл нь шүүгчидтэй зарга үүсгэснээр үргэлжилж ч байх шиг. Тухайлбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхэлсэн буюу Ц.Туваанд хадгалагдаж байсан гэх тамгыг хүчингүй болгосон захиргааны актыг сэргээх маргаан жил гаруйн хугацаанд шүүхийн шатанд үргэлжлэв. Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн дараа АН-ын удирдлагын хувьд ялагдлынхаа хариуцлагыг үүрч, тамгаа Ц.Туваанд түр шилжүүлсэн С.Эрдэнийн хэлсэн үг, хийсэн үйлдэл нь өөрөөр эргэж, өнөөдрийн байдалд хүрээд буй. Харин Ц.Туваан, О.Цогтгэрэл нар нэг талд гарч, С.Эрдэнэ тэргүүтэнтэй тамганы хэрүүл хийж явна. Эл тамгыг олгосон болон хүчингүй болгосон захиргааны актуудыг түдгэлзүүлэх хүсэлтийг өнгөрсөн сарын 16-нд шүүх эцэслэн шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгосон юм. Өөрөөр хэлбэл, Ц.Туваанд байгаа тамгыг ашиглах боломжгүй болсон ч О.Цогтгэрэлийн талынхан дотоод сонгуулийн хорооны сунгааг зарлаж буй нь хууль зөрчиж байна гэж нөгөөдүүл нь заргалдав. Тиймээс тэд Дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг Шүүхийн сахилгын хороонд өгөв.
2024 онд парламентын ээлжит сонгуулийн дүнгээр дараагийн УИХ байгуулагдтал сөрөг хүчний орон зай хоосон байсаар бүрэн эрхийн хугацааныхаа талыг барлаа. Хойшид найдалтгүй нь хэдийн тодорхой болжээ. УИХ-д бүлгийн хэмжээнд цөөнх бүрдсэн байгаа атлаа төрийн эрх барих дээд байгууллагын түвшинд АН-ынхан сөрөг хүчний дуу хоолой болж хүчрэхгүй, дотоод зодооноосоо илүү гарч чадахгүй байгаа нь харамсалтай. Угтаа хууль тогтоох байгууллагад сонгууль дараалан нэг нам үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн энэ үед сөрөг хүчин улам сайн ажиллах ёстой.