ХӨСҮТ-д Австралийн Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас вирусийн бүрэн "Геномын" дараалал тодорхойлох тоног төхөөрөмж гардуулж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "2021 оны 12 сард Австралийн засгийн газрын санхүүжилтээр ДЭМБ-ийн дэмжлэгтэйгээр SARS-CoV-2 вирусний бүрэн геномын дараалал тодорхойлох лабораторитой болж байна. Цар тахалтай тэмцэж байгаа энэ үед NGS гэх энэ технологийг нутагшуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, халдварт өвчнөөс гадна халдварт бус өвчний оношилгоо шинжилгээнд бүрэн ашиглах боломжтой төхөөрөмж юм. Энэхүү технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн бүх байгууллагууддаа талархал илэрхийлье" гэлээ.
Манай улсад корона вирусын дотоодын халдвар анх бүртгэгдсэнээс хойш ХӨСҮТ-ийн лаборатори болон бусад салбар лабораториудад нийт дөрвөн сая гаруй шинжилгээ хийсэн байна. Халдвар бүртгэгдсэнээс хойш халдварын эх уурхайг олох, тархалтыг таслан зогсоохын тулд молекул эпидемиологийн нотолгоо гаргах, вирусний генийн дарааллыг тогтоох шинжилгээний арга зайлшгүй хэрэгтэй байсныг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд хэлэв.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "NGS өндөр технологи ХӨСҮТ-д нэвтэрснээр аливаа халдварт өвчний эмгэг төрүүлэгчийн генийн дараалал тогтоох шинжилгээг дотооддоо хийж, баталгаажуулах боломжтой болж байгаад баяртай байна. Нийтийг хамарсан халдварт өвчний үед тандалт, илрүүлгийн ажил илүү үр дүнтэй болж, онцгой нөхцөл байдалд түргэн шуурхай хариу арга хэмжээ авах, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг зөв оновчтой төлөвлөхөд нэн чухал үүрэгтэй. Бидэнд энэ цаг үед маш чухал дэмжлэг үзүүлсэн Австралийн Засгийн газар, ДЭМБ-д халуун талархал илэрхийлье. Та бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжиж, олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаална гэдэгт бүрэн итгэж байна” гэж хэллээ.