Манай улсад шатахууны төрөл бүр дээр 36-70 хоногийн нөөц байна. Хэвийн үед ч ийм статистик гардаг. "Роснефт" компаниас шатахууны дараагийн гурван сарын гэрээ хийхэд бэлэн байгааг хэлсэн. Шатахууны нийлүүлэлтийн хувьд доголдол үүсэхгүй, тайван байж болно гэдгийг өнөөдрийн Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэрээ Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.
Мөн тэрбээр “ОХУ-тай хийдэг гол худалдаа шатахуун байдаг. Оргил үедээ 1.8 тэрбум ам.долларын шатахууны төлөлт хийж байсан. АНУ-аас шатахуунтай холбоотой төлбөр тооцоог хязгаарлалтад оруулахгүй гэж зарласан. ОХУ-ын нэр бүхий хоёр банктай манай арилжааны банкууд харилцаатай. Тиймээс шатахууны төлбөр тооцооны асуудал дээр зургаадугаар сарын 24-ний өдөр хүртэл ямар нэг саад бэрхшээл гарахгүй.
Манай улс гадаад худалдааны хувьд хойд хөрштэйгөө алдагдалтай, урд хөрштэйгөө ашигтай ажилладаг. Сүүлийн жилүүдэд нэг тэрбум орчим ам.долларын шатахууны төлбөр хийгдэж байгаа. Одоогоор бол шатахууны нийлүүлэлтэд ямар нэгэн байдлаар доголдол гарахгүй гэж мэдэгдсэн. ОХУ-аар дамжиж Европоос ирдэг гадаад худалдааны тээвэрлэлтийн асуудал дээр цаашид ямар нөхцөл байдал үүсэхийг хэлж мэдэхгүй.
Тэгэхээр эдийн засагт одоо үүсээд буй нөхцөл байдал ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг одоо хэлэхэд эрт байна. Харин ямар ухаалаг арга замаар тухайн нөлөөллийг багасгах вэ гэдэг нь чухал" гэлээ.