“Хурд” дэвжээний тамирчин, спортын мастер Н.Баярмаа хоёр жилийн өмнө самбо бөхийн УАШТ-д цахиур хагалан түрүүлж, жингийнхээ бөхчүүдэд хүчтэй өрсөлдөгч болсноо харуулж байв. Олон улсын самбо бөхийн холбооноос Узбекистаны Ташкент хотод насанд хүрэгчдийн ДАШТ-ийг шинэчилсэн жингээр өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард анх удаа зохион байгуулахад тэрбээр мөнгөн медаль хүртэж, спорт сонирхогчдын анхаарлыг татсан юм. Өөрийн хичээл зүтгэлээр богино хугацаанд ур чадвараа ахиулан, амжилт гаргаж яваа түүнтэй ярилцлаа.
-Монголын самбо бөхийн тамирчид Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор бэлтгэл базааж байгаа дуулдсан. Та оролцох уу?
-Хойд хөршид энэ сарын 24-26-нд зохион байгуулах Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор “Хурд” дэвжээний дасгалжуулагч Д.Энхболд багшийн удирдлагад бэлтгэл базааж байлаа. ОХУ, Украины улс төрийн асуудлаас болж зарим орны тамирчдын нислэгийн хуваарь цуцлагдсан тул ОУОХ-ноос тус тэмцээний товыг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.
-Охидын сонирхдог спортоос хүндхэн төрлийг нь та сонгожээ. Самбо, жүдогоор хичээллэдэг залуус олон ч тамирчны амьдралаар тууштай замнах нь ховор байдаг.
-Миний төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Баян-Уул сум. Би эрчүүдийн дунд өссөн. Ээжийн минь ах, дүүсийн олонх нь хөвгүүдтэй. Аав бөхийн спортод дуртай болохоор намайг тэдэнтэй барилдуулна. Хүүхэд байхдаа сургуулийнхаа биеийн тамирын багш Д.Баянмөнхийн хичээллүүлдэг бөхийн секцэнд явдаг байлаа. Бөхийн спортод хөл тавихад ээж дуртай байгаагүй. Надад “Эмэгтэй хүүхэд бөхөөр хичээллэх хэцүү шүү дээ. Биеийн тамирын багш, аргазүйч болсон нь дээр” гэнэ. Улаанбаатарт МУБИС-ийн биеийн тамирын сургуульд оюутан болж ирээд тууштай хичээллэсэн. Спортын төв ордонд жүдогийн тамирчдын бэлтгэл хийхийг харах гэж хаалгаар нь байсхийгээд л шагайдаг сан. Нэг өдөр сургуулийнхаа О.Болд-Эрдэнэ багштай уулзаж, хичээллэх хүсэлтэйгээ хэлэхэд “Увс нуур” дэвжээний бөхчүүдийг жүдогийн бэлтгэл хийлгэдэг Д.Энхболд дасгалжуулагчтай танилцуулсан юм. Миний хувьд эхний жил бэлтгэл хийхээс илүү хичээлдээ анхаарсан. 2018 онд жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д оролцож, 57 кг-ын жинд эхний тойрогт “Рио 2016” олимпын мөнгөн медальт Д.Сумъяа эгчтэй таарав. Түүнтэй нэлээд үзэж байгаад цаг дуусахын өмнө ялагдсан. Хэдийгээр хожигдсон ч тив, ДАШТ, олимпын медальтантай анх удаа барилдсандаа бэлгэшээж урам авсан. Жүдогийн насанд хүрэгчдийн ангиллаас медаль зүүгээгүй ч оюутнуудын АШТ-ээс мөнгө, хүрэл медаль цөөнгүй гарджээ.
-“Увс нуур” дэвжээнийхэнтэй бэлтгэл хийсэн анхны өдөр ямар бодол төрөв?
-Тэр өдөр хийж чадахгүй бүх зүйлээ сурмаар санагдаж билээ. Дэвжээний ах, эгч нар мэдэх, чадах зүйлээсээ харамгүй зааж, зөвлөж байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Тэр өдрөөс хойш заасан бүхнийг нь сурах гэж тэмүүлдэг болсон. Дэвжээнд шидүүлэх тусам өөрийгөө хурцалж, өрсөлдөгч шигээ болох сон гэж хичээдэг байв. Бэлтгэл хийгээд хамаг бие буларч өвдөхөд “Чадахгүй юм байна, больё” гээд уйлна. Тэгсэн хэрнээ маргааш нь хашрахгүй ирнэ. Багш уйлахыг минь харчихаад “Зүгээр, охин минь. Одоохондоо шидүүлж л бай, удахгүй сурчихна” гэж билээ. Шантрах үедээ “Барилдана гэж анх эхлүүлсэн юм чинь үр дүнг нь заавал үзнэ” гэж боддог байв. Бүх зүйл эхэндээ хэцүү санагддаг байсан ч өдөр бүр хичээж зүтгэсний хүчинд ард нь гарч чадсан. Би одоо жүдогийн 57, самбо бөхийн 54 кг-ын жинд барилддаг.
-Тамирчин хүн амжилт гаргахын тулд бэртлээс хол байх хэрэгтэй гэдэг. Гэхдээ бэлтгэл хийх үед гэмтээгүй бөх ховор байх л даа.
-Тийм шүү, бөхчүүдэд бэлтгэлийн үед хөл, гарын хурууны үе тулах, мултрах наад захын зүйл шүү дээ. Өвдсөн ч барилдаанаа үргэлжлүүлнэ. Тамирчдад тулгардаг асуудал надад ч гэсэн тохиолддог. УАШТ болохоос 20 гаруй хоногийн өмнө бэлтгэл хийж байхдаа хамраа гэмтээсэн. Тэр үед тэмцээнийг өнжих үү, эмчилгээ хийлгэх үү гэсэн сонголттой тулгарч байлаа. Тэгээд эмчилгээгээ хойшлуулаад тэмцээнд оролцсон.
-Самбо бөхийн УАШТ-ээс хүртсэн алтан медаль жингийн чинь бөхчүүдэд хүчтэй өрсөлдөгч болсныг харуулсан гэж боддог.
-Би самбо, жүдо аль алинаар нь барилддаг. Дэлхийн аваргын мөнгөн медалиас илүү самбо бөхийн УАШТ-ий түрүү сэтгэлд минь хоногшжээ. 2020 оны тэр тэмцээнд аваргын төлөө “Алдар” спорт хорооны Э.Бадамгаравтай барилдаж, цаг дуусахаас 40 секундийн өмнө тонгороход нь дагуулж мушгиад хожсон юм. Өнгөрсөн жил Узбекистаны Ташкент хотод самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болохын өмнөх сорил барилдаанд “Хилчин” спорт хорооны Г.Ганцэцэгийг ялж, оролцох эрх авсан. Дэлхийн аваргад заавал өрсөлдөнө гэж өөртөө амласан болохоор хүчтэй өрсөлдөгчөө ялж, зорилгоо биелүүлсэн. Өмнө нь медалийн төлөө барилдаж атгаад л алддаг байв. Ямар алдаа гаргаснаа дараа нь дүгнэхэд сэтгэл зүйн хатгүй, цаг дуусахаас өмнө ядарвал өрсөлдөгчдөө буугаад өгчихдөг зан минь амжилт гаргахад хойш татдаг байсныг ухаарсан. Ялагдчихаад сэтгэлээр унахад багш “Чи дэвжээнээс хэзээ нэгэн цагт медаль хүртэнэ. Дараагийн тэмцээн чамайг хүлээж байна. Алдаагаа давтахгүйг хичээх хэрэгтэй” гэж урам өгдөг байлаа.
-Дэлхийн аваргын мөнгөн медаль том шагнал шүү дээ. Та Узбекистанаас медальтай ирж, бөхийн хорхойтнуудыг баярлуулсан. Ташкентийн дэвжээнд аваргын төлөө хүч сорьсон барилдааныхаа тухай сонирхуулаач.
-Монголоос 19 тамирчин өрсөлдсөнөөс тав нь эмэгтэй байлаа. Манайхан тэндээс нэг мөнгө, гурван хүрэл медальтай ирсэн. Медалийн олонхыг нь эмэгтэйчүүд хүртсэн шүү дээ. Аваргын төлөө Казахстаны Альмуханбетова Гулданатай таарсан. Багштайгаа зөвлөлдөж, тактик боловсруулсан ч төлөвлөснөөр болоогүй. Тэрбээр намайг бүх талаас минь маш сайн судалсан байв. Түүнийг баруун талтай болохоор зүүн талаараа барилдахад болно гэж бодоод гартал зүүн өрж барилдсан. Түүнтэй өөрийнхөөрөө барилдсан бол тийм ч амархан ялагдахааргүй байлаа.
-Таны хувьд хилийн дээс анх удаа алхаж оролцсон болохоор туршлага дутсан тал бий л байх.
-Байлгүй яах вэ, сандарснаасаа болж түүний нэг мэхэнд хоёр удаа бүдэрсэн. Эхнийхэд нь үнэлгээ алдчихлаа гээд бодож байтал нүд ирмэхийн зуур мэхээ угсруулаад хийсэн. Өрсөлдөгч маань хөл этээг гаргууд хийдэг санагдсан. Дэвжээнд гар зөрүүлсэн бөхчүүдээс Болгарын Варбанова Магдаленагийн техник, Беларусын Жарская Маринагийн барилдаан тун сонирхолтой. Тэд надаас биерхүү, өндөр. Хэдэн насаар эгч тул олон тэмцээнд оролцож, туршлага хуримтлуулчихсан байв. Жарская Марина хөл мэх сайтай, өчих мэх хийдэг. Түүнтэй барилдаж эхлэхдээ хүчээр давуу байгааг нь мэдэрсэн юм. Би зүүн талдаа сөхөж үүрээд үргэлжүүлэн даралт аваад босоход тэрбээр нэлээд ядарч, сульдсан харагдлаа. Тэр үед надад амархан ялах мэдрэмж төрсөн юм. Шагналын тавцанд мөнгөн медаль хүртчихээд зогсож байхдаа дараа заавал түрүүлж, өнгийг нь хувиргана гэж бодсон. Намайг дэлхийн аваргаас медаль гардахад ээж минь баярлаж “Миний охин зорьсондоо хүрлээ. Цаашид илүү их хичээж, амжилт гаргаарай” гэсэн шүү.
-Д.Энхболд багш шавьдаа юу гэж зөвлөөд дэвжээнд гаргасан бэ?
-Багш барилдахаар гарах бүрт “Чи хөл, гартаа анхаарал хандуулаарай” гэж захиж байлаа. Гадаадын тэмцээнд оролцохоор багштайгаа явахад их түшигтэй. Ташкентэд хөл тавиад гадаадын бөхчүүдтэй бэлтгэл хийв. Европын өндөр, биерхүү нөхдийг хараад “Яана даа, миний жинд ямар бөхчүүд таарах бол. Би тэдэнтэй барилдаж чадах болов уу” гэж сүрдсэн. Дэлхийн дэвжээнд гарах эх орондоо барилдахаас олон зүйлээр өөр болохыг ойлгосон доо. Тэр үед Оросын бөхчүүдтэй таарчихгүй юм сан гэж их бодсон, азаар тэд өөр хэсэгт барилдсан. Тэмцээний үед хойд хөршийн бөхчүүдийн арга барил, техникийг сонирхож судлахад хэвтээгээс барилдаж, өрсөлдөгчөө ялж байгаа харагдав. Миний хувьд хуурахгүйгээр шууд барилддаг болохоор их хүч зарцуулж, ядардаг тал бий. Өрсөлдөгчийнхөө арга барилыг мэдэхийн тулд эхлээд хуурч, довтолсон мэх хийх нь үр дүнтэй байдаг. Гадаадын бөхчүүдтэй гар зөрүүлэхдээ хоёр талдаа мэх хийж сурах нь зүйтэй юм байна гэж бодсон шүү.
-Бөхчүүдтэй ярилцаж байхад аав, ээжийнхээ аль нэг талаас удамтай байх юм билээ.
-Би дөрвөн хүүхэдтэй айлын гурав дахь нь. Гэр бүлийнхнээсээ ганцаараа спортын зам сонгосон. Ээжийнхээ талаас бөхийн удамтай. Өвөөг минь Ч.Нямдорж гэдэг, сумын заан цолтой. Нутгийнхаа наадамд гурван удаа түрүүлсэн. Манай сумынхан “Нямдоржийн зүүн талд нь орвол горьгүй дээ, дууслаа л гэсэн үг” гэж намайг бага байхад ярьдаг байсныг одоо ч санадаг юм. Би ч гэсэн зүүн талтай. Нагац ахын хөвгүүд үндэсний бөхөөр барилддаг. Аав, ээжийг “Эмэгтэйгээс эрэгтэй нь барилдаж, амжилт гаргасан нь дээр” гэж ярихад нь “Яагаад эмэгтэй хүн бөхийн төрлөөр хичээллэж болохгүй гэж” хэмээн боддог байлаа. Гэрийнхний минь энэ яриа намайг бөхийн спорт сонгоход хөшүүрэг болсон гэж боддог. Миний барилдахыг нутгийн олон дэмжиж үздэг. Надтай хааяа холбогдож, “Чи зурагтаар гарч байна. Одоо хаана болох тэмцээнд барилдах вэ” гээд ярьдаг юм. Сар шинийн баяраар нутгаа зорьж, хэд хоног амраад ирлээ. Ойрын хэдэн жил яваагүй болохоор гэрээ ч их санасан. Нутгийн минь агаар, салхи цаанаа л нэг өөр, эрч өгдөг.
-Та сургуулиа төгсөөд удаагүй байна. Ээжийнхээ зөвлөснөөр биеийн тамирын аргазүйчээр ажиллана гэж боддог уу?
-Би биеийн тамирын сургуулийг 2019 онд төгссөн. Бөхийн спортод тамирчин хүн залуу насандаа л амжилт гаргадаг. Тиймээс нэг хэсэгтээ бэлтгэл сургуулилалтдаа анхаарал хандуулна. Тамирчны карьераа өндөрлүүлээд дасгалжуулагчаар ажиллана гэж боддог. Миний хувьд жүдогоор түлхүү барилдаж, тэмцээнд оролцохыг зорьж байгаа.
-Тамирчид амжилт гаргахын тулд олон бэрхшээлтэй тулгардаг. Санхүүгийн бололцоогүйгээс гадаадын тэмцээнд оролцож чадахгүй хоцордог тал бий.
-Миний хувьд аав, ээж, хамаатан садныхаа ах дүүсийн дэм тусаар гадаадын тэмцээнд оролцож байна. Онгоцонд суух үед “Намайг амжилт гаргаарай гэж олон хүн итгэж тусаллаа. Тэндээс ганзага хоосон ирж болохгүй. Түрүүлдэггүй юм гэхэд ямар нэгэн медальтай ирэх ёстой” гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Тийм сэтгэл зүйтэй очсон болохоор Ташкентээс мөнгөн медальтай ирж, аав ээж, ах дүүс, нутгийнхаа олныг баярлуулcан.
-Дэвжээнийхээ бөхчүүдтэй хэнтэй ойр дотно нөхөрлөдөг вэ?
-Азийн аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт Ц.Батцэцэг эгчтэй ойр дотно нөхөрлөдөг. Бид найзууд болсон цагаасаа нэгнээ дэмжиж ирлээ. Түүний тууштай, дайчин, шийдэмгий зан бахархал төрүүлдэг. Эгчтэйгээ анх танилцсан түүх их хөгжилтэй. Намайг бэлтгэл хийхээр анх ирэхэд дэвжээний бөхчүүд түүний эршүүд, хүч, бяртайг гайхан, хэрхэн барилдаж, амжилт гаргадаг талаар нүдэнд харагдтал ярьсан юм. Зүс, барааг нь хараагүй болохоор ямар бөх байдаг юм бол, хурдан харах сан гэж яарч байлаа. Нэг өдөр түүний бэлтгэл хийхийг нь хараад биширч, бүр алмайрсан. Өөрийнхөө бэлтгэл хийж байгааг түүнийхтэй харьцуулахаас ч ичдэг байлаа шүү дээ.
-Жүдогоор хойшдоо түлхүү барилдахыг зорьж байгаа танд гадаад, дотоодын тамирчдаас судлах зүйл багагүй гарах нь дээ.
-Тийм ээ. Эмэгтэйчүүдээс Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг эгчийн хэвтээ барилдаан их таалагддаг. Үүгээр олон өрсөлдөгчөө ялж, амжилт гаргасан. Японы алдартай жүдочдоос 52 кг-ын жинд хүч сорьдог Үта Абэ, 73 кг-д барилддаг Оно Шохейгийн барилдааныг үзэх дуртай. Тэд дэвжээнд хамгийн сонирхолтой, гал гарсан барилдаан харуулдаг. Ямар ч тэмцээнд сэтгэл зүйгээ сайтар бэлдэж, ялна, дийлнэ, хожно гэсэн бодлоор өөртөө итгэлтэй гардаг нь үзэгчдийн анхаарлыг татсаар ирсэн. Өөрөөс нь илүү өрсөлдөгч байхгүй гэдгээ харц, үйл хөдлөлөөрөө илэрхийлдэг. Токиогийн олимпын наадамд үүнийгээ ч харуулж, тэд аварга болсон.
-Дасгалжуулагчдын тамирчдаа удирдах ухаан, туршлага өөр. Г.Үүрцолмон, Д.Энхболд багш шавь нараа ямар арга барилаар бэлтгэл хийлгэдэг бол?
-“Хурд” дэвжээнийхэн самбо бөхийн шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хааяа хийдэг юм. Гавьяат тамирчин Г.Үүрцолмон багш шавь нараа гийртэй нөхөрлүүлдэг. Ингэж бэлтгэл хийхэд хүч, бяраас гадна гарын атгалт сайн, чанга болдог. Оросын тамирчдын амжилт гаргадаг нууц нь гийртэй бэлтгэл хийхэд оршдог гэж ярьдаг. Д.Энхболд багш тамирчдынхаа бэлтгэлд санаа тавихаас гадна ар гэрийнхэнтэй нь холбогдож, байнга зөвлөлддөг. Би багшийгаа хал нь гаднаа, хайр нь дотроо хүн гэж хэлнэ. Тэрбээр зарчимч, өндөр шаардлагатай. Бэлтгэлийн үед хатуу хүн шиг санагддаг ч дараа нь нөгөө зан нь хаачив гэмээр зөөлөн. Бид багшийнхаа хөдөлмөрч, хичээнгүй зангаар бахархдаг. Энэ ташрамд намайг бөхийн спортод хөл тавьсан цагаас тусалж ирсэн аав, ээж, ах дүүстээ, мөн дэвжээнд юугаа ч мэдэхгүй жаахан охин ирэхэд халуун сэтгэлээр угтан авч амжилтад хөтөлсөн багшдаа, намайг тэмцээнд оролцох бүрт тусалж, дэмжлэг үзүүлдэг "Хурд" дэвжээний ах нартаа баярлалаа. Мэдэхгүй, чадахгүй үед зааж, зөвлөн шантрахад минь урам өгдөг дэвжээнийхээ тамирчдад, миний барилдахыг харж, сэтгэлээрээ дэмждэг нутгийнхаа зон олонд талархаж явдгаа уламжилъя. “Та нарынхаа итгэлийг алдахгүй хичээж барилдсаар дэлхийн аварга болно оо” гэж хэлье.