Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв болон Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллага хамтран Замын-Үүдийн боомтын авто замын ачаа тээврийн асуудлаар мэдээлэл өгөв. Чингэлэг тээврийг нэгдүгээр сарын 11-нээс эхлүүлсэн. Түүнээс хойш өнгөрсөн баасан гараг хүртэл 2332 чингэлэг бүхий 42 556 тонн бараа татан авчээ. Өдгөө өдөрт дунджаар 60-70 чингэлэг ачаа нэвтрүүлж буй юм. БНХАУ-ын талд чингэлэг солилцох талбайг нэмэгдүүлэх хүсэлт тавьсан ч хараахан шийдэлд хүрээгүй байгаа гэнэ. Талбайн хэмжээг томруулснаар чингэлгийн тоо нэмэгдэх юм.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-наас экспортын зарим ачаанд БНХАУ-ын талаас хориг тавьж, өдөрт зургаан галт тэрэг хүлээн авч эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар хоригийг бүрэн цуцлаагүй ч хоногт 10 галт тэргээр бүтээгдэхүүн экспортолж буйг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдээллээ.
Бэлтгэсэн С.Цэрэн