Жендерийн үндэсний хороо ээлжит хуралдаанаа хийжээ. Тэд өнгөрсөн оны үйл ажиллагааны хэрэгжилт, хорооны дэргэдэх салбар зөвлөл, хороодын хийсэн жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц, үр дүнгийн тайлантай танилцаж, энэ онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, баталсан байна. Үүнд эрэгтэйчүүдэд тулгамдаж буй тодорхой асуудлуудыг шийдвэрлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нь нэмэгдүүлэх, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүх хүрээнд хүйсийн тэгш оролцоог хангахад чиглэсэн, гурван зорилт бүхий 36 ажлыг тусгажээ.
Түүнчлэн Жендерийн эрх тэгш байдлыг хангах болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжсэн, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)”-г хэлэлцүүлж, баталсан байна. Цаашдаа стратеги, төлөвлөгөөнд тусгасан ажилтай холбоотойгоор хорооны гишүүдийн дунд уулзалт, семинар зохион байгуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах гэнэ.
Энэ удаагийн хуралдааныг тус хорооны орлогч дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа даргалж, гишүүдийн 80 хувь нь оролцжээ. Тус хороо нь төрийн болон төрийн бус байгууллагын тэнцүү оролцоог хангасан 35 гишүүнтэй.