Орос, Украины харилцаа хурцадмал байдалд орж, тэнд суугаа Монгол иргэд хүнд байдалд оржээ. Тус улсад Монголын 68 оюутан суралцдагаас өнөөдрийн байдлаар 41 нь эх орондоо ирсэн. Үлдсэн оюутнууд олон улсын нислэг цуцлагдсаны улмаас метроны хонгилд хоног төөрүүлэх байдлаар аргацааж байна. Оюутнуудын сэтгэл санааны байдал тогтворгүй, яахаа мэдэхгүй байдалтай байна. Тэдний төлөөлөл “Unuudur.mn” сайтад доорх мэдээллийг өгөв. Ярилцагчийн маань сэтгэл санаа тогтворгүй, нэлээд сульдсан санагдсан. Тиймээс түүний нэр, зургийг гаргахаас зайлсхийв.
“Бүслэлтэд орсон бидэнд Засгийн газар Монгол хүнээ хэрхэн хамгаалж, татаж авахыг хүлээхээс өөр сонголт алга”
“Урд шөнө түгшүүрийн байдалтай байсан болохоор унтаж чадсангүй. Харин одоо гэгээ орсон болохоор бид ээлжээр унтах гэж хичээж байна. Өнөөдөр шөнө гайгүй өнгөрөөсэй. Бидэнд хоёр хоногийн хүнс бий. Хэрэв ийм нөхцөл байдал удаан хугацаанд үргэлжилбэл хүнсгүй болно. Яг үнэндээ яах аа мэдэхгүй хэцүү байна. Монгол оюутнууд хоёр метроны буудалд 10, 8-аар хуваагдан байрлаж буй.
Бидний байгаа Харьков хотоос иргэдийг гаргахгүй гэсэн. Учир нь ОХУ бүсэлсэн гэх мэдээлэл бий. Агаарын дайралт болно гэсэн мэдээлэл тархаад удалгүй, энд, тэндгүй бөмбөгдөлт болж хүмүүс ухаан алдсан. Одоогийн байдлаар хэсэгхэн намжсан байдалтай байна.
Бидэнд мөнгө өгөөч, татаж аваач гэж Украин Улсад суугаа элчин сайдын яамнаас гуйгаагүй. Харин Монгол оюутнуудаа татаж авна гэсэн бичиг хийж өгөөч хэмээн Элчин сайдын яаманд сарын өмнөөс хандсан боловч биднийг үл тоосон шинжтэй, дайн болно гэсэн баталгаагаа гаргаж өг гэж байсан.
Хэн нэгнээс буруу хайх гэж мэдээлэл өгсөнгүй. Бодит нөхцөл байдлыг хачиргүй үнэн ярьж байгааг олон нийт ойлгоосой. Цаашид хилийн чандад байгаа иргэдэд тулгарч байгаа асуудлыг цаг алдалгүй шийддэг байгаасай гэж хүсэж байна.
Монгол Улсын Засгийн газар, Элчин сайдын яам, Консулын газар одоо иргэдээ хэрхэн хамгаалж, татаж авахыг хүлээхээс өөр сонголт бидэнд алга” гэв.
Монгол Улсаас Украин Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж суудаг. Түүний зөвлөхөөр А.Гэрэлмаа, консулаар А.Түвшин ажилладаг. Гэтэл эдгээр албан тушаалтан ямар үүрэгтэй тус улсад ажилладгаа умартсан бололтой. Тэд Монгол Улсын иргэн, хуулийн этгээд хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх, иргэний өргөдөл, хүсэлт, гомдлыг бичгээр хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, иргэнийхээ зөрчигдсөн эрхийг хамгаалах л үүрэгтэй. Тэд үүргээ биелүүлээгүйгээс өнөөдөр манай улсын оюутнууд дайны бөмбөгдөлтөөс нуугдаж, метронд өдөр, хоногийг өнгөрүүлж, хүнс тэжээлийн дутагдалд орохдоо тулаад байна. Үнэндээ оюутан гэж байгаа ч тэд хүүхэд. Дайны үед хүүхэд битгий хэл томчууд ч эл нөхцөл байдлыг тэсэж гарахад хүнд. Гэтэл оюутнууд нөхцөл байдал хүндрээгүй байхад асуудлаа тавьж, шийдүүлэхийг хүссэн ч Элчин сайд нь үл тоож. Монгол иргэн халдлагад өртөж гэмтэж бэртвэл хэн хариуцлага хүлээх вэ, Элчин сайд аа.