ХБНГУ-ын Мюнхен хотын Хөгжим,тайзны урлагийн их сургуульд жааз хөгжмийн зохиолч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж буй, хэдхэн хоногийн өмнө төгсөлтийн тоглолтоо үзэгчдэд амжилттай хүргэсэн Э.Шүтээнтэй цахимаар ярилцлаа. Тэрбээр одоогоос хоёр жилийн өмнө жааз төгөлдөр хуурчаар мөн магистрын зэрэг хамгаалсан. Өдгөө ахисан түвшинд гурав дахь мэргэжлээ эзэмшихээр сурч байна.
-Саяхан жааз оркестр удирдан тоглуулж байгааг нь сонслоо. Огшихоор юм билээ. Бүгд таны зохиол байв уу?
-Дийлэнх нь минийх. Бас нэг залуу хөгжмийн зохиолчийн хэдэн бүтээл бий. Би нийт 20 хөгжимчний бүрэлдэхүүнтэй цөөхүүл жааз оркестр байгуулаад бичсэн зохиолуудаа тоглуулсан юм.
-Энэ чиглэлийн хөгжим бичих хэцүү юү?
-Бичих арга барил өөр. Энэ урсгалын хөгжмийн бүтцийг мэддэг байх хэрэгтэй. Оркестрт заавал байх ёстой хөгжмийн зэмсгүүдээ сайтар судалсан байх ёстой. Гармон гэдэг дээ, зохиролжуулах арга барилуудад суралцсан байх шаардлагатай. Ямар зохиол бичихээс хамаарч гоцлол тоглох хөгжимчинд импровизац буюу тухайн агшинд өөрөө зохиомжилж тоглох боломж олгох нь чухал. Мөн зохиолын, хамтлагийн бусад гишүүн тоглох хувийг тэнцвэржүүлж хуваарилах хэрэгтэй болдог.
-Бага насныхаа тухай, мэргэжлээ хэрхэн сонгосон талаараа яриач.
-Сургуульд орох нас болоход аав, ээж Хөгжим бүжгийн коллежод оруулахаар болсон. Элсэлтийн шалгалт өгсөн, тэнцсэн, тэгээд л төгөлдөр хуурын ангид орсон. Тухайн үед надад юу ч бодогдоогүй ээ. Төгөлдөр хуурч болно гэж хүсэж, дурлаа ч үгүй. Нас бага байсан болохоор юу мэдэх вэ. Гэхдээ хөгжимд, урлагт дуртай гэдэг минь бол тодорхой байсан. Дунд ангид сурч байхдаа ч төгсөөд зөвхөн төгөлдөр хуурч л байх юм шүү гэж боддоггүй, кино урлаг, гадаад хэл, уран зураг гээд өөр олон салбарт сонирхолтой хүүхэд байв. Намайг төгөлдөр хуурын мэргэжлийн М.Григорьева багш хүлээж авсан. Аядуу зөөлөн, тайван, нэг тийм, ямар ч үед ханьтай, дулаахан сэтгэлтэй гэхээр орос багш. Дөрөвдүгээр ангид орох жил багш бурхан болсон тул тухайн үед сургууль төгсөж ирээд удаагүй байсан Г.Ганчимэг багш авч, төгсөх хүртэл сургасан. Дундуур нь С.Наранцэцэг, Д.Бурмаа багшаар заалгасан л даа. Олон багшийн янз бүрийн арга барилаас суралцаж явсандаа баярладаг.
-Гэтэл төгөлдөр хуурч төдийгүй жааз урсгалаар тоглодог, бүр хөгжмийн зохиолч болчихсон байдаг. Сонгосон мэргэжил тань амаргүй санагдав. Хэзээнээс дуртай болсон, ухааныг нь яаж олов, ер нь өнөөг хүртэл туулсан замналаа сонирхуулна уу.
-Хөгжмийн бүтээл бичиж эхэлсэн үеэсээ төгөлдөр хуур гэлтгүй бусад хөгжмийн зэмсгээр тоглох ухаан, арга барил, нарийн ширийн зүйлсийн талаар ойлгож эхэлсэн гэж боддог. Өмнө нь бол өмнөх ноотоо харж тоглохоос цаашгүй, зохиолоо нэгбүрчлэн гүнзгийрүүлэн судалдаггүй байлаа. Одоо бол хэдийгээр би төгөлдөр хуураас өөр зэмсгийг тоглоочийн түвшинд биш ч хөгжмийн зохиолчийн хувьд мэддэг байх зайлшгүй шаардлагатай. Зохиолыг хөгжимчин тоглож болохоор бичих нь маш чухал. Түүнээс гадна тухайн хөгжмийн зэмсгийн ашигтай өнгө, дэвсгэр хөг, эгшгийн хөдөлгөөнөөс авхуулаад ноотны харагдах байдал, уншигдахад эвтэйхэн байх зэрэг бусад жижиг зүйлсэд ч анхаарах болдог.
Ер нь хөгжимчний амьдрал гэдэг маш урт хугацааны тэвчээр, сэтгэлийн тэнхээ, хөдөлмөр, нүсэр их бэлтгэл, байнгын сургуулилалт шаарддаг. Бусад хүн ямар байдгийг сайн мэдэхгүй. Би лав өдрийн ихэнх хугацааг ганцаараа хөгжмийн ард өнгөрөөдөг болохоор маш цөөхөн найзтай. Нийгмийн амьдралд ойр байх, аливаа юмны “жин бан”-г тааруулахыг хичээдэг ч олон талаар золиос, сонголт хийхийг шаарддаг мэргэжил.
Дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн философийн ангид хуваарь авчихсан, орохоор төлөвлөж байсан юм. Яг тэр үед “Гёте” институт, “Их талын жааз” төрийн бус байгууллага болон Хөгжим бүжгийн коллежийнхон гурвалсан гэрээний хүрээнд жааз хөгжмийн “GMUB” төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Би сонгодог төгөлдөр хуурчаар цааш суралцахгүй ч хөгжмөө хаяхгүй гэдгээ бас мэдэж байсан учраас өөр урсгалын хөгжим сонирхолтой санагдсан тул гүйж очин бүртгүүлээд, шалгалт өгтөл тэнцчихсэн. Тэгээд МУИС-д биш, харин хөгжмийн зохиолчоор бакалаврт сурангаа хажуугаар нь төсөлдөө хамрагдахаар болсон юм. Энэ шийдвэр миний өнөөдрийн амьдралаа бий болгох суурь болсон юм болов уу. Хоёр жилийн хугацаанд гадаад багш нараас суралцаад, хоёр дахь жилээс нь тухайн төсөлдөө өөрөө багш, орчуулагчаар ажилласан. Монголд тухайн үед ид “буцалж” байсан жаазын төвд нь байхдаа би энэ хөгжим бол миний өөрийн гэсэн хөгжмийн хэлээ хөгжүүлэх түлхүүр юм байна гэдгийг ойлгосон.
-Чухам юу нь таныг татав?
-Онол, зохирол, хэм, хэмнэлээс гадна хамгийн гол нь чөлөөт сэтгэлгээ, хөгжимчин өөрийн гэсэн санаагаа тухайн хөгжмийн бүтээлд, яг тоглож буй агшиндаа шингээн үлдээх, мөн тухайн зохиол тоглох бүрт өөр, дахин давтагдашгүй байдаг гэх зэрэг зүйл хамгийн анх сэтгэл татаж байсан. Түүнээс гадна тайзан дээр буй хөгжимчид хоорондоо хөгжмөөр дамжуулан харилцан ярих, нэг нь нөгөөгөөсөө урам авч хөглөгдөж байдаг нь, бас би гэхээс илүү бид гэсэн үзэл төлөвшдөг зэрэг олон чухал шинж чанар жааз хөгжимчдөөс ажиглагддаг.
-Мэргэжлээсээ, төгөлдөр хуур тоглохдоо, эсвэл хөгжим зохиохдоо юуг илүүтэй мэдэрдэг вэ?
-Би ганцаараа төгөлдөр хуур тоглож байхдаа, эсвэл хөгжим зохиож байхдаа ихэнхдээ тайван байдаг. Өөр хүний бүтээл тоглож байхдаа харин тухайн хөгжмийн зохиолчийг мэдрэх гэж хичээдэг. Харин бусад хөгжимчинтэй хамт тоглох үед, тэр дундаа хувь хүн болоод хөгжимчний хувьд “яриа нийлдэг” бол тийм ийм гэхийн аргагүй өөр өөр, янз бүрийн гэнэтийн мэдрэмжүүд төрдөг. Хааяа догдлолоо барьж дийлэхгүй дүүлж байгаа юм шиг, хааяа ойд төөрсөн юм шиг сэтгэгдэл төрөх нь бий.
Хөгжим зохиох хэцүү. Олон цаг ганцаараа тархиа гашилгаж сууна. Хэдхэн такт дээр түмэн хувилбар, санаа оролдож үзэх ч ихэнхийг нь хэрэглэхгүй. Өдөр тутмын амьдрал, ямар нэг энгийн зүйлээс, эсвэл үйл явдлаас ч юм уу мэдэрсэн мэдрэмж, бодол санаануудаа дотроо сайн хадгалж аваад, дараа нь бүтээлд сэдэл болгож ашигладаг. Харин яг хөгжим бичээд сууж байхдаа бол аль болох тайван байхыг хичээдэг. Бүтээлч санаануудаа буулгахаас эхлээд найруулах, тэгээд л янз бүрийн техникийн ажил хийдэг дээ. Тухайн бүтээлээ бичээд дууссаны дараа сонсоход бичиж байсан үеийн үйл явц, тухайн цаг үед амьдралд минь тохиолдсон баяр хөөр, эсвэл олон өдрийн асуултынхаа хариуг олохгүй, гарах гарцгүй мэт суусан минь гэх зэрэг есөн шидийн туршлага, дурсамж тухайн зохиолын нэг хэсэг болоод, өдрийн тэмдэглэл шиг хадгалагдан үлдсэн байдаг.
-Сайхан санагдаж байна. Ер нь бүтээлээрээ хүмүүст юу хэлэхийг хүсдэг вэ?
-Зохиолууд минь бүгд өөр хоорондоо ялгаатай түүхтэй. Тэр болгоныг сонсогчдод тайлбарлаж, ойлгуулах гэж боддоггүй. Хөгжимчдөдөө аль болох эрх чөлөө, өөрийгөө илэрхийлэх орон зайг нь өгөхийг зорьдог шигээ, сонсогчдод ч гэсэн орон зай үлдээхийг хүсдэг. Хүн бүхэн өөрийнхөө өнцгөөс хүлээж аваад өөрийн гэсэн дурсамжаа үүсгээсэй гэж хүсдэг. Нэг бүтээл бичих гэж ноот нэг бүрийн тухайд бодож тунгаадаг. Зүгээр хуулбарлаад тавьчихсан хэсэг гэж бараг л байдаггүй. Сэтгэлээс гарсан бүхэн минь бусдын сэтгэлд ч мөн хүрэх, тоглолт үзэх гэж ирсэн хүмүүс урам нь хугарахгүй харих нь л надад үнэ цэнтэй.
-Зохиолоо ямар нэг санаа, зорилгоор бичдэг үү. Эсвэл зүгээр л сонсоход сэтгэлд хүрэх, сонсголонтой аялгуу, хөгжим зохиох нь хөгжмийн зохиолчийн ажил уу?
-Би ямар нэг стильд баригдах дургүй. Түүнтэй адил миний хувьд хөгжмийн зэмсэг болгон өөрийн гэсэн онцлог дуугаралт, өвөрмөц талтай. Тэдгээрийг нийтэд нь бүлэг болгож хайрцаглаад, энэ бол жааз хөгжмийн зэмсэг, энэ бол сонгодог, эсвэл ардын гэж ангилах дургүй. Ямар ч хөгжмийн зэмсгээр ямар ч урсгалын хөгжмийг тоглох боломжтой тул захиалгын ажил биш л бол би шинэ хөгжим бичихдээ аль болох хоорондоо өнгөөрөө зохицож болохоор, олонд нэг их танигдаагүй зэмсгүүдийг сонгож оруулахыг хичээдэг. Мэдээжийн хэрэг тэгж байгаа нь энэ гээд утга учиргүй олныг нийлүүлэхгүй. Урьдчилан сайн бодож, судалгаа хийж бичдэг. Жишээ нь, саяхан энд би өөрийн гэсэн цөөхүүл жааз оркестр үүсгэн байгуулсан. Утсан хөгжмийн дөрвөл, модон үлээвэр болон зарим нэг гуулин үлээвэр, бөмбөр, төгөлдөр хуур, цахилгаан гитар зэрэг олон төрлийн хөгжмийн зэмсэгтэй.
-Хөгжим ойлгодоггүй гэх хүмүүс байдаг. Тэдэнд юу гэж хэлэх вэ?
-Хөгжимд дургүй хүн гэж байдаггүй байх аа. Зүгээр сонирхдог чиглэл нь л ондоо байдаг болов уу. Тийм хүмүүст санал болгож үзээд, таалах шинжгүй бол нэг их ятгаад байхыг хүсдэггүй. Тухайн хүн сонсож үзээд дурлахгүй, тухгүй мэдрэмж авч байхад нь ятгаад байвал хэцүү байх. Хүн өөрөө юу сонсохоо сонгох эрхтэй. Харин зарим хүн дургүйдээ биш, зүгээр л мэддэггүйдээ сонсдоггүй. Тийм бол харин өөр хэрэг.
-Аав, ээж, гэр бүлийнхээ тухай танилцуулаач.
-Миний аав бол хөгжмийн зохиолч, ДБЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Эрдэнэбаатар. Ээж багш, телевизийн найруулагч, сэтгүүлч мэргэжилтэй. Хөгжимчин болсон минь, Хөгжим бүжгийн коллежод орсон минь бага насандаа хөгжимтэй ойр өссөнтэй салшгүй холбоотой. Гэхдээ аав, ээж намайг ингэ, тэг гэж огт хүчилж байгаагүй. Би үргэлж өөртөө таалагдсан зүйлээ л хийдэг байсан. Гэхдээ гол нь хийвэл чин сэтгэлээсээ ханддаг. Надтай ижил зам туулсан залуус сайн ойлгох байх аа.
Аав намайг төрөх үед бичсэн “Шүтээн” гэдэг гоё дуу байдаг. Үг, аяыг нь өөрөө бичсэн. Том болсон хойноо эргээд харахад энэ бол ааваас минь надад өгсөн маш гоё бэлэг.
-Германд хөгжим зохиож, удирдан тоглуулахаас өөр юунд суралцаж байна вэ?
-Гадаадад сурах гэдэг бол зөвхөн их сургуульд явах, зэрэг хамгаалаад дуусахгүй, бие даасан хувь хүн болж төлөвшихөд маш том сургууль гэж бодож байна. Герман орон бол харилцааны соёл өндөртэй, эмх цэгцтэй, хүний эрх, хувийн орон зайг дээдэлдэг, зарчимч шударга иргэдтэй орон. Ийм нийгэм. Энд ямар ч эргэлт буцалтгүй тийм бол тийм, үгүй бол үгүй, хэлсэн үгэндээ хүрнэ үү л гэхээс буцна гэж байхгүй. Тиймдээ ч цагийн юмыг цагт нь яг хийх, бусдын цагийг хүндлэх, тусламж гарвал мэдээж нэрэлхэлгүй асуух, тэгэхдээ хэн ч өмнөөс чинь хийх албагүй гэдгийг ухамсарлаж, бусдад төвөг учруулахгүй байх зэрэг наад захын соёлд суралцаж байна. Миний хувьд соёлын шоок харьцангуй бага байсан ч гурван жилийн өмнөх “би”-тэйгээ өөрийгөө харьцуулбал маш олон сайн талтай болсон болов уу. Ажил мэргэжлийн талд, хувь хүний чадварууд ч нэмэгдсэн. Хүн өөрөө хичээвэл хүчин чармайлт, хийсэн бүтээснийг нь маш сайн, гол нь шударга үнэлдэг юм шиг санагддаг. Залуу хүмүүсийг дэмжсэн маш олон гоё тэтгэлэг байдаг. Ядахдаа л албан материал, эсээ, өргөдөл зэргээ өөрөө бичээд өгч чадаж байвал нээлттэй.
Э.Шүтээн “Би бас Хамбургт соёл урлаг, медиа урлагийн менежмент мэргэжлээр сурч байгаа. Хичээлийн шугамаар эндхийн Хүний эрхийн, Иргэний, Зохиогчийн эрхийн хууль зэргийг гүнзгий судалдаг. Ямар нарийн систем, үе шаттай болох, эдгээр нь олон төрлийн харилцааг хэрхэн зохицуулж байдгийг нь харахаар хааяа атаархмаар. Бас бахархмаар санагддаг. Товчхондоо сурсаар л байна. Санаснаа гүйцээгээд эх орондоо очно оо” гэсэн юм.