Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн 5б ангийн сурагчид Улаанбаатар номын сангийн харьяа А.М.Горькийн нэрэмжит Чингэлтэй дүүрэг дэх салбар номын сангийн байнгын үйлчлүүлэгчид гэнэ. Тиймээс тус номын сангийнхан сурагч бүрт карт нээж өгчээ. Ө.Болорчимэг багштай, ам бүл 52-уулаа тус ангийнхан өнөөдөр А.М.Горькийн нэрэмжит Чингэлтэй дүүрэг дэх салбар номын санд уламжлалт ёсоороо саатаж, Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч О.Сундуйтай уулзлаа.
Хүүхдийн ертөнцөд “амьдардаг” тэрбээр сурагчидтай чөлөөт ярилцлага өрнүүлж, номын ач тусын талаар хүүрнэсэн билээ. Зохиолч О.Сундуй “Тавдугаар ангийнхан хамгийн сайн шилдэг уншигч байдаг. Тэд миний бүтээлийг хамгийн их уншдаг, надад захиа бичдэг. Өнөөдөр эдэнтэйгээ уулзаж буй учир нь тэдний ном унших сэдлийг төрүүлэх, ач холбогдлыг нь ойлгуулах, шинэ бүтээл туурвилаа танилцуулах юм. Номын тухай зөв ойлголт өгч чадвал хүүхдийн зүрх сэтгэлд маш их нөлөөтэй байдаг” гэлээ.
О.Сундуй нь “Долоон хожгор нэг можгор”, “Халиартай бин” хүүхдийн жүжиг, “Шарга даага” кино зохиол, “Есөн сарын 1”, “Аз жаргалын цэцэг”, “Алтан нутгийн хүүхдүүд” зэрэг олон арван шилдэг бүтээлийн эзэн.
Тус салбар номын сан нь анх 1946 онд байгуулагдаж 3000 номтой байсан бол өнөөдөр 50 000 номтой болсон гэнэ. Энд сар бүр дээрхтэй адил “Номын жим” аялал болдог аж.
Ташрамд дурдахад, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 50 дугаар сургууль 1-5 дугаар ангийн сурагчдын дунд “Номтой нөхөрлөе” аян өрнүүлж буй. Тус аяны хүрээнд хүүхдүүд өөрийн номын сангаа анги хамт олондоо танилцуулж, уншсан номынхоо тэмдэглэлийг хөтөлж, сургуульд ном хандивлажээ.