Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Я.Зоригтбаатар Монголын тэшүүрчдийн түүчээг үргэлжлүүлж яваа. Тэрбээр Дэлхийн цомын тэмцээн, Азийн наадам, оюутны өвлийн универсиад их наадам, оюутны ДАШТ-д, амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргасан удаа цөөнгүй. Сүүлийн жилүүдэд эрэгтэй тэшүүрчдээс хол, ойрын зайд хурд сорин түрүүлж, шилдгүүдийн эгнээнд багтжээ. Түүнд улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн удаа олон. Мөсөн дээр цахиур хагалж, аавынхаа хичээллэсэн спортыг өвлөн үргэлжлүүлж буй түүнийг “Залуус” буланд зочноор урилаа.
-Та одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэл базааж байна вэ?
-Гүйлтийн тэшүүрийн насанд хүрэгчдийн болон мастеруудын ойрын зайн УАШТ-ийг Хандгайтад ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулна. Энэ удаа 15 байгууллагын тамирчдаас гадна орон нутгаас шалгарсан шилдгүүд хурд сорих тул тэмцээн өрсөлдөөнтэй болох байх. Миний хувьд шинэ оны өмнөхөн “Бээжин 2022” өвлийн олимпын эрх олгох Дэлхийн цомын гурван цуврал тэмцээнд оролцоод ирлээ.
-“Бээжин 2022” өвлийн олимп хөшгөө хаагаад удаагүй байна. Тэнд тэшүүрийн тэмцээн өрсөлдөөнтэй болж, шинэ аваргууд медальтай нутаг буцлаа. Ямар улсын тамирчдыг дэмжиж үзэв?
-Өвлийн олимпын наадамд өндөр амжилт үзүүлсэн эрэгтэй тэшүүрчдээс 10 000, 5000, 1500 метрт хурд сорьдог, олимпын дөрвөн алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай Нидерландын Свен Крамерийн гулгах техник, тактикийг сонирхож харлаа. Би багадаа түүгээр бахархаж, тэшүүрийн спортод хөл тавьсан юм. Дэлхийн цомын тэмцээнд оролцохдоо анх удаа харж, амжилтыг нь биширч байлаа. Домогт тэшүүрчин ямар тактиктай уралдаж, амжилт хэрхэн гаргаж байгаа нь олон улсын үзэгчдийн сонирхлыг татсаар ирсэн. Эмэгтэйчүүдийн 1000, 1500 метрийн уралдаан ширүүхэн болж, Японы Михо Такаги энэ удаа мөнгөн медаль зүүлээ. Тэрбээр Бээжингийн мөсөн дээр шилдэг гэдгээ ч харуулсан. Түүний тэсвэр хатуужил, дайчин шийдэмгий байдал, зоригийг нь биширсэн. Шорк трекийн төрөлд Азиас өмнөд хөршийнхөн хүчтэй өрсөлдөгч болжээ. Спортод хөрөнгө, сэтгэлийн аль, алийг нь зориулж байж хөгждөгийг зохион байгуулагч орон олон зүйлээр илэрхийлж харуулсан гэж бодож байна. Тэд спортоо бодлогоор хөгжүүлж, гадаадын алдартай дасгалжуулагчдыг урьж, тамирчдаа мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэл хийлгэжээ. Тухайлбал, АНУ-ын дасгалжуулагч БНСУ-ын тамирчдыг, БНСУ-ынх Хятадын шигшээ багийг дасгалжуулж өвлийн олимпод сойлоо.
-Би ч гэсэн өвлийн олимп үзэж суухдаа манайхан тэдний хэмжээнд хэзээ хүрч, эн тэнцүү өрсөлдөх бол гэж бодож байлаа.
-Сүүлийн үед Бразил, Шинэ Зеланд, Колумби улс тамирчдаа гадаадын академи, мэргэжлийн багийнхантай хамтарсан бэлтгэл хийлгэснээр амжилт гаргаж эхэллээ. АНУ, Канад, Япон, БНСУ, Герман, Швед, Норвегт тэшүүрийн спорт өндөр хөгжсөн. Монголд орчин нөхцөл, тамирчдын бэлтгэл хийх бааз дутмагаас 2012 оноос хойш өвлийн олимпод гүйлтийн тэшүүрээр оролцох эрх аваагүй. Манайхан тэшүүрийн үндэсний шигшээ багийн тамирчдаа гадаадад бэлтгэл хийлгэвэл амжилт гаргах бүрэн боломжтой. Монголчууд тэшүүр, шорт трек, уран гулгалтыг эх орондоо хөгжүүлэхийг зорьж байвал мэргэжлийн дасгалжуулагч урьж, дотоодын мэргэжилтнүүдээ гадаадын сургалтад хамруулах хэрэгтэй. Бид ур чадвар, туршлага, хурд, хүчээр гадаадынхнаас дутахгүй. Хамгийн гол нь тэдэн шиг байнгын бэлтгэл хийх орчин, нөхцөл дутдаг.
-Тэшүүрийн тэмцээнд бөөн гараатай төрөл нэмэгдсэн. Монголын тамирчид уралдвал амжилт гаргах хэр боломжтой вэ?
-ОУХМ Г.Ууганбаатар ах Казахстаны Астанад 2011 онд болсон Азийн өвлийн тоглолтод бөөн гараанд уралдсан. Монголын тамирчид үүнд нэг их ач холбогдол өгдөггүй байсан болохоор түүнээс хойш хурд сориогүй. Дэлхийн цомын тэмцээний бөөн гараатай төрөлд оролцсоны дараа манай тамирчид энэ төрөлд оноо цуглуулж, олимпын эрх авах боломжтой юм байна гэх бодол надад төрсөн. Би өнгөрсөн жилийн есөөс арванхоёрдугаар сарын 15 хүртэл гадаадад бэлтгэл хийхдээ бөөн гараатай тэмцээнд зургаан удаа оролцлоо. АНУ-д зохион байгуулсан “АМ cup” олон улсын тэмцээнд VI байр эзэлсэн. Хойшид уралдахад болмоор төрөл санагдсан тул дүү нартаа оролцохыг зөвлөдөг.
-Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх мэдээж амаргүй. Манайхан амжилт гаргахын тулд саадтай багагүй тулгарч байгаа нь ч нууц биш л дээ.
-Монголын тэшүүрчид өвлийн гурван сард мөсөн дээр гардаг. Ийм нөхцөлд бэлтгэл сайн хийх боломж бага. Гадаадын тамирчид битүү дээвэртэй ордонд долдугаар сараас эхлээд бэлтгэл хийдэг. Орчин нөхцөлийн зөрүүтэй байдлаас үүдэж дэлхийн шилгүүдтэй эн тэнцүү уралдахад бидэнд олон бэрхшээл тулгардаг. Гэхдээ хэцүү, боломжгүй гэж хойш суудаггүй. Хэдийгээр амаргүй нөхцөлд бэлтгэл хийдэг ч ур чадвараа ахиулж байгаа. Амжилт гаргахад бэлтгэл хийх орчноос гадна тухайн тамирчны хүсэл зорилго, ур чадвар, туршлага их нөлөөлдөг. Монгол Улс гадаадын орнууд шиг өвлийн спортын төрлүүдийг дэмждэг болно гэдэгт итгэдэг. Хэрвээ бид таатай нөхцөлд бэлтгэл базаавал өөр үр дүн харуулна. Тэгэхээр тэшүүрийн тамирчдаа төр, засаг дэмжиж, бэлтгэл хийх битүү дээвэртэй ордонтой болгох хэрэгтэй байна.
-Монголд хоккей, шорт трекийн тамирчид бэлтгэл хийх, тэмцээн зохион байгуулах мөсөн ордон барьж, ашиглалтад орууллаа. Тэгэхээр тэшүүрчдэд ч гэсэн боломж нээгдсэн гэж бодож байна.
-Монголд байгуулсан битүү дээвэртэй мөсөн ордны тойргийн хэмжээнд хоккей, шорт трек, уран гулгалт, мөсний кёрлинг, мөсний шагай харваа хөгжих боломжтой. Тэшүүрийн спортын талбайн зай, хэмжээ, техник, хэрэгсэл, тамирчдынх нь зориулалтын хувцас өөр. Шорт трекийн тамирчид бөөн гараатай уралддаг бол тэшүүрийнхэн тус тусдаа уралдах дотор, гадна замтай. Шулуун зам дээр гулгаж, түүнийгээ сольдог. Товчхон хэлбэл, том талбайд уралддаг гэсэн үг. Бид ийм ордонтой болчихвол амжилт гаргаж, дараагийн өвлийн олимпод оролцох боломжтой. Биеийн тамир, спортын улсын хороо энэ жил үндэсний шигшээ багийн тамирчдыг дөрвөн сар мөсөн дээр бэлтгэл хийлгэлээ. Өмнө нь Азийн орнуудаас БНХАУ-д 14, БНСУ-д 21 хоног бэлтгэлд хамруулдаг байв. Манайхан олимпын өмнөх жил мөсөн дээр хоёр сар бэлтгэл хийж, гурван ч тэмцээнд оролцлоо.
-Монголд тамирчин байх хэцүү санагддаг уу?
-Санал нэг байна. Гадаадын тамирчид томоохон багтай ирж оролцохыг хараад ингэж боддог үе бий. Манайхан хөрөнгө, санхүүгийнхээ боломжоос шалтгаалаад зөвхөн дасгалжуулагчтайгаа оролцдог. Тухайлбал, Японы тамирчид дасгалжуулагчаасаа гадна сэтгэлзүйч, хоолзүйч, бариач, эмч, тогооч, хэвлэл мэдээлэл, цахим сүлжээ хариуцсан менежер, өрсөлдөгчдийнх нь техник, тактикийг судалдаг судалгааны багтай. Шигшээ багийнх нь тамирчид зөвхөн бэлтгэл, тэмцээнд анхаарал хандуулна. Тэдний ар талыг хариуцаж ажилладаг хүмүүс бүх зүйлийг нь амжуулдаг. Бид тэдэн шиг биш ч гэлээ ур чадвараар дутахгүй өрсөлддөг.
-Өөрийгөө хатуужил тэвчээрт хэр суралцсан гэж боддог вэ?
-Суралцаж байна. Би тэшүүрээр хичээллээд 14 жил боллоо. Спортоор хичээллэхэд шантрах зүйл их тулгардаг. Би ч гэсэн үүнийг тойроогүй. Хүүхэд байхад бэлтгэл хийх хэцүү санагдаж, гэр лүүгээ цүнхээ үүрээд явсан үе олон бий. Намайг үлдэх, эсэхийг шалгаж сорьсон зүйл бишгүй л байсан. Хүн л юм чинь хааяа шантарч, сэтгэлээр унах үе гарна. Тэшүүрчид өвлийн хүйтэнд бэлтгэл хийхдээ хацар, гар, хөлөө хөлдөөх энүүхэнд. Зорилгодоо хүрэхийн тулд бэрхшээлийг хэцүү гэж хүлээж авахгүйг хичээдэг. Амжилт гаргахаар урагшлах үед ухрах зам байхгүй санагддаг. Тиймдээ ч ирээдүйгээ харж сэтгэлийн хатаар олон саадыг давж, өдий зэрэгт хүрлээ.
-Тэшүүрийн тамирчид орон нутгаас голдуу төрдөг. Хичээллэхэд орчин нөхцөл нь ойр байдагтай холбоотой байх.
-2008 онд гуравдугаар ангийн сурагч байхдаа мөсөн дээр анх гулгаж сурсан. Төв аймгийн Эрдэнэ сумд нэг нуур бий. Хөлдөхөөр нь хүүхдүүд тэшүүрээр гулгадаг. Намайг гулгаж сурах үед ОУХМ Г.Ууганбаатар ах тэшүүрээр хичээллэхийг зөвлөсөн юм. Өвөө минь дасгалжуулагч Б.Болдбаатар багшид шавь оруулснаар тамирчин болох гараагаа эхлүүлсэн. Тэр үед надтай хамт 30 хүүхэд хичээллэсэн ч 10 гаруй нь цааш үргэлжлүүлсэн. Би багшийгаа олон хүүхдээс тамирчин болохыг нь олж хардаг мэдрэмжтэй гэж боддог. Түүний удирдлагад хичээллэж, амжилт гаргасан тамирчид бий. Багш уйгагүй хөдөлмөрч зантай, хичээл зүтгэлтэй. Зөвхөн тэшүүр гэлтгүй үндэсний бөх, волейбол, сагсан бөмбөг, дугуйн спортод тамирчин бэлтгэж, аймаг, улсын тэмцээнд оролцуулдаг.
-Амжилтынхаа гарааг сумаасаа эхлүүлсэн хүүд аав, ээжийгээ баярлуулсан удаа олон биз?
-Хичээллэсэн жилээсээ тэшүүрийн спортын үндсэн техникүүдээс сурч, тэмцээнд оролцож эхэлсэн. Аав минь хоккейн тамирчин. Дархан-Уул аймгийнх. Тэнд 1998 онд болсон хоккейн УАШТ-д багийнхантайгаа оролцож, аварга болж байв. Би 2011 онд Орхон аймагт болсон Монголын хүүхдийн спортын IV их наадамд 11-12 насныхны ангилалд оролцож, мөнгөн медаль хүртсэн. Аав тэр үед Дарханд байж таарав. Аав намайг тэмцээнд оролцохын өмнө “Миний хүү медаль хүртвэл буцахдаа Дарханаар дайрч аавдаа харуулаарай” гэлээ. Надад медаль хүртэхээс илүү тэмцээнд оролцох нь чухал санагдаж билээ. Тэндээс буцахдаа Дарханаар дайрч, аавдаа медалиа үзүүлээд баярлуулсан тэр мөч одоо дурсамж болж үлджээ. Би тамирчин удамтай. Ээж минь Төв аймгийн Угтаалцайдам сумынх. Тэшүүрээр хичээллэж, аймгийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн байдаг. Эмээ минь залуудаа цанын спортын тамирчин байсан. Хааяа нутгаа зорьж, эрч хүч авах дуртай. Эмээгийндээ хоёр хоноод ирэхэд сэтгэл сэргээд өөдрөг болдог юм. Саяхан манай сумд аймгийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээн болсон. Б.Болдбаатар багш аймгийнхаа Биеийн тамир, спортын газрын дарга Д.Алтанхуягтай хамтран энэ жил насанд хүрэгчдийн ангилал нэмсэн юм. Би энэ ангилалд уралдаж түрүүллээ. Уйлахдаа уйлж, инээхдээ инээж тэшүүрээр хичээллэсэн хүүхэд насныхаа дурсамжаар аялах сайхан санагдсан шүү.
-Улаанбаатарт хөл тавиад ямар дасгалжуулагчийн удирдлагад хичээллэв?
-Д.Энхбаяр багшийн удирдлагад хичээллэсэн. Би 2018 онд өвлийн олимпын эрх авч амжаагүй ч дараа жил нь Бүх ард түмний спартакиадад түрүүлж, таван алтан медаль хүртсэн. Медалиа зүүгээд багш дээрээ очиход “Багшийнх нь бие дээрдэж л байна. Хоёулаа Канадын Калгари хотод зургадугаар сард очиж бэлтгэл хийвэл 2022 оны өвлийн олимпод оролцох эрх авчих байх. Шавь минь олимпод заавал оролцоно шүү” гэж билээ. Түүнээс хойш багш минь нэг их удалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Амьдрал, спортод хамгийн их түшиг тулгуур болдог аав, багш хоёроо алдах надад маш хэцүү байлаа. Багш залгамж халаагаа тэшүүрийн спортын залуусаас бэлдсэний нэг нь Б.Тулга багш. Тэрбээр “Алдар” спорт хорооны дасгалжуулагч болж, багшийн ажлыг үргэлжлүүлсэн. Багш амьд сэрүүндээ түүнд “Чи шигшээ багшийн дасгалжуулагч болж, миний ажлыг үргэлжлүүлээрэй” гээд намайг захиж байсныг хожим сонссон. Түүнээс хойш Б.Тулга багшийнхаа удирдлагад бэлтгэл хийж байна. Дасгалжуулагчийн хувьд залуу хүн болохоор биднийг аль болох шинэ системээр бэлтгэл хийлгэхийг зорьдог. Тэрбээр “Рио 2016” олимпын наадмын хүрэл медальт, Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэгийн гэр бүлийнх нь хүн. Түүний аав Д.Баадай хөнгөн атлетикийн тамирчин, дасгалжуулагч. Спортын энэ төрөлд олон тамирчин бэлтгэж, амжилтаас атгуулсан байдаг.
-“Алдар” спорт хорооны босгоор алхаад удаж байна уу?
-Намайг 16 нас арай хүрээгүй байхад 2015 онд Улаанбаатарт Бүх ард түмний спартакиад боллоо. Д.Энхбаяр багш, Г.Ууганбаатар ах хоёр ярилцаад “Алдар” спорт хорооны нэр дээр намайг оролцуулахад 1500 метрийн зайд түрүүлэв. Тэр цагаас энэ том айлд данстай болж, өнөөг хүртэл овоглож байна. Би одоо дэд ахлагч цолтой. Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны тамирчин гэж дуудуулах сайхан байдаг. Монголын тэшүүрийн спорт гурван Гавьяат тамирчинтай. Тэднээс Л.Дашням, Ц.Лхамжав гуай нар тус спорт хорооных байсан.
-Тамирчин хүнд зодог тайлах үе ирдэг. Тэр үед дасгалжуулагчаар ажиллах уу?
-Тэшүүрийн спортод насны хязгаар байдаггүй. Гэхдээ хурд, хүч гаргадаг болохоор тамирчид залуу насандаа амжилт гаргадаг. Миний ажигласнаар Ази, Европын тамирчдын амжилт гаргах нас өөр. Азийнханд 18-25 нас амжилтынх нь оргил үе байдаг. Европчууд хичээллэх тусам туршлага хуримтлуулж, тэсвэр хатуужил нь илүү хөгждөг. Тэд 20-30 насандаа ид амжилт гаргах жишээтэй. Азийнхан Европынхныг бодвол эрт зодог тайлж, дасгалжуулагчийн эгнээнд шилжиж байгаа харагддаг. Миний хувьд дасгалжуулагч болох арай эрт байна. Тиймээс хойшид ур чадвараа сорино. Би энэ жилээс шавь нартай болсон. Бэлтгэл хийхийн хажуугаар 7-8 насны дөрвөн хүүхдийг тэшүүрээр хичээллүүлдэг. Багшаа гэж дуудуулахад эхэндээ дасахгүй байлаа. Тэднээс хоёрыг нь найм хүртэлх насныхны УАШТ-д оролцуулахад нэг нь V байрт шалгарсан. Хүүхдүүдэд зааж, зөвлөөд эхлэхээр багшийнхаа ажлын амаргүйг зах зухаас нь ойлгож байна. Хүүхэд болгон өөр зан араншинтай. Нэг нь урмаар, нөгөө нь шүүмжлүүлж, шарандаа хичээх нь ч бий. Биднийг багш минь ингэж хурцалж, бас зэмлэж, урам хайрлаж амжилтаас атгуулжээ гэж боддог юм. Бидний үеийнхэнд үзэж, сонирхох зүйл ховор байсан болохоор ах нараа харж үлгэр дуурайл авдаг байлаа. Тэгвэл өнөөгийн хүүхдүүд интернэтээс дуртай спортоо үзээд хэрхэн хичээллэх талаар анхан шатны ойлголттой болж байна. Эцэг, эх нь хүүхдийнхээ эрүүл мэндэд анхааран байгальтай аль болох ойр байлгаж амьдралын зөв хэмнэлтэй болгохыг зорьдог болжээ. Манай ахмад тамирчид тэшүүрээр гулгахад нисэж буй мэт мэдрэмж авдаг гэж ярьдаг юм. Спортоор хичээллэсэн хүн зөв бие бялдартай болж, зөв дадалд суралцдаг. Байгалийн эрүүл орчинд өдөрт хоёр цагийн зав өөртөө гаргаад тэшүүрээр хичээллээд үз, үр дүн нь аяндаа мэдрэгдэнэ.