Малын гоц халдварт шүлхий өвчний тархалт хумигдахгүй байна. Уг өвчний улмаас өчигдрийн байдлаар 16 аймгийн 163 сумд хорио цээрийн дэглэм тогтоосныг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэв. Тэр дундаа Завхан аймагт хамгийн олон буюу 21 сумд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Мөн Хөвсгөл аймагт 20, Архангай, Булганд 15 сумд хорио цээрийн дэглэм тогтоосон нь нэлээд өндөрт тооцогдож байна. Улсын хэмжээнд өнгөрсөн оны аравдугаар сараас хойш нийт 20 аймагт шүлхий тархаж, 296 014 мал өвчилжээ. Тодруулбал, Говьсүмбэрээс бусад бүх аймагт уг өвчин бүртгэгдсэн аж. Өвчилсөн малаас одоогоор 267 098-ынх нь шинж тэмдэг арилсан бөгөөд үлдсэн 28 916-г тусгаарлаж буй гэнэ. Халдвар тархсан аймгуудаас Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт хорио цээрийн дэглэмийг цуцалжээ. Харин бусдад нь хорио цээр болон хязгаарлалтын дэглэм үргэлжлүүлэн мөрдөж буй юм.
Бэлтэгсэн М.Оч