Санхүүгийн салбарын 2021 оны тойм гаргаснаа Санхүүгийн зохицуулах хорооноос өчигдөр танилцууллаа. Уг тоймд дурдсанаар салбарын ангиллаар нь үзвэл үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 314 хувьцаат компани, 265 мэргэжлийн оролцогч, 322 даатгалын компани, мэргэжлийн оролцогч, аудитор, 534 ББСБ, 209 ХЗХ, 248 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага (ҮХЭХЗБ), үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 476 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 1072 салбар үйл ажиллагаа явуулж байжээ. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оныхоосоо 97.5 хувиар өсөж 5.98 их наяд төгрөг, хувьцааны хөрвөх чадвар 3.3 нэгжээр дээшлэн 5.1 хувьд хүрсэн гэнэ.
Банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгийн хэмжээ 2.7 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх жилийнхээсээ 35 хувиар нэмэгдсэн дүн болов. ББСБ-уудын нийт зээлийн үлдэгдэл 51.6 хувиар өсөж хоёр их наяд төгрөгт хүрсэн аж. Тэдгээрийн олгосон зээлийн 66.6 хувь нь хэрэглээнийх юм байна. Зээлийн үлдэгдлийнх нь 87.5 хувь нь иргэд, 12.5 нь хуулийн этгээдүүдэд ногджээ. ХЗХ-дын тоо 16 хувиар цөөрч 209 болсон ч гишүүдийнх нь тоо 3.8 хувиар өссөн гэв. Тодруулбал, 75 400 гишүүндээ санхүүгийн үйлчилгээ үзүүлж, нийт хөрөнгө нь 13.8 хувиар нэмэгдэн 291.2 тэрбумд хүрчээ. Үүнээс гишүүдийнх нь хадгаламж 70 хувийг нь (203.6 тэрбум төгрөг) эзэлсэн аж.
2021 онд давхардсан тоогоор 248 ҮХЭХЗБ 6274 хэлцлээр ийм тооны эд хөрөнгийг 852.6 тэрбум төгрөгөөр худалдах, худалдан авах үйл ажиллагааг зуучилжээ. Мөн 2114 хэлцлээр 186.4 мянган ам метр талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 23.6 тэрбумаар хөлслүүлж, түрээслүүлэх үйл ажиллагааг зуучилсан гэнэ. Дээрх хугацаанд 694.4 тэрбум төгрөгийн үнэт металл борлуулж, 583.9 тэрбумынхыг худалдан авсан үзүүлэлт гарчээ.
Бэлтэгсэн Ц.Ундрал