Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 4 дүгээр тогтоол болон 2022 оны 1 дүгээр тогтоолд үндэслэн Монголбанк энэ сарын 21-нд урт хугацаат репо арилжаа зохион байгуулжээ.
Монголбанкнаас 100 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарласан бөгөөд арилжаанд Худалдаа хөгжлийн, Голомт, Богд банкууд оролцон нийт 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр авах хүсэлт ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүлэв.
Мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдрийн 1 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн бус экспорт болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгох зээлийн хугацааг 3 хүртэл жил болгон, нэг зээлийн дээд хэмжээ 3 тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлж Монголбанкны Ерөнхийлөгчийн энэ сарын 11-ний А-34 дүгээр тушаалаар зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Уг нөхцөлөөр уул уурхайн бус экспорт болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгох зээлийн дүнгийн 30-аас багагүй хувийг банкууд өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх ба Монголбанкны эх үүсвэрээс нэг зээлдэгчид 15 хүртэл тэрбум төгрөгийг олгох юм.