Завханы иргэд аймгийнхаа Засаг дарга Д.Түвшинжаргалын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ. Тэд “Завхан аймгийнхан сонгууль бүрээр сонин содон сонголт хийдэг. УИХ-д Ардчилсан нам олонх болвол Завханд ардын намыг, харин МАН олонх байвал Ардчилсан намыг сонгодог байсан. Өдгөө Ерөнхийлөгч, УИХ бүх шатанд Монголын ардын нам эрх барьж, захирч байна. Завханчууд түүхэн сонголт хийж, сөрөг нам бус МАН-ыг сонгосон. Гэтэл Завханы Засаг дарга буюу аймгийн МАН-ын дарга Д.Түвшинжаргал албан тушаал наймаалж, хууль бус томилгоо хийж, дураараа дургиж байна” гэв.
Дээрх бичсэнчлэн Завханд МАН засаглаж буй. Өөрөөр хэлбэл, Засаг даргад аймгаа хөгжүүлэх бүх боломж нээлттэй байхад тус аймагт ажилгүйдэл, ядуурал, үнийн хөөрөгдөл их байгааг нутгийн иргэд хэллээ. Д.Түвшинжаргал нь төрийн албан хаагчдыг хяхан хавчиж, хамаатан ах дүү нараа албан тушаалд томилдог гэнэ. Мөн Авлигын хэрэгт холбогдож байсан нэгэн, Ардчилсан намынхантай үгсэн хуйвалдаж, Тамгын газрын даргын суудлыг 2 өрөө байраар үнэлж зарсан гэх мэдээллийг өглөө. Товчхондоо Завхан аймагт МАНАН үүрлэсэн гэдгийг нутгийн иргэд онцоллоо.
Тиймээс энэ сарын 28-нд болох Аймгийн МАН-ын бага хурлаар Д.Түвшинжаргалыг суудлаас "унагах" бодолтой байгаагаа энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлэв.