Өмнө нь сургуулийнхаа сургалтын албанаас тодорхойлолт, сурлагынхаа голч дүнг баталгаажуулсан бичиг зэрэг 2-3 төрлийн бичиг баримт бүрдүүлээд дүүргийнхээ цэргийн штабт очиж бүртгэлээ хийлгэдэг байсан. Харин өнөөдөр энэ олон шат дамжлагыг дамжихгүйгээр шууд "E-Mongolia"-д хандаад бүртгэлээ нэг дор хийлгэх боломжтой боллоо.
БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж энэ талаар хэлэхдээ "Манай яамнаас "Цахим үндэстэн хөтөлбөрт хоёр дахь үйлчилгээгээ оруулж байна. Эхнийх нь цэргийн бүртгэлийг нэгдүгээр сард "E-Mongolia"-тай хамтран зохион байгуулсан нь их амжилттай болсон. Өнөөдрөөс эхлэн "Оюутан цэрэг" сургалтын бүртгэлийг БШУЯ, болон ЦХЯ-тай хамтран хийхээр боллоо" хэмээв.
БШУЯ-ны Оюутан цэрэг хөтөлбөрийн зохицуулагч Г.Мягмаржав хэлэхдээ "Боловсрол шинжлэх ухааны яамнаас боловсролын цахим шилжилтийн хүрээнд дата төвөөрөө дамжуулан оюутан цэргийн бүртгэлийг цахимжууллаа. Энэ хүрээнд тухайн оюутан элсэхдээ дээд боловсролын удирдлага мэдээллийн системээс тухайн оюутны суралцаж байгаа сургуулийн мэдээлэл, дамжаа, голч дүнг цахимд шилжүүлж, тухайн оюутанд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр асуудлыг шийдэх боломжийг бүрдүүлэхээр болж байна" гэлээ.