Хувиараа автомашин засах үйлчилгээ эрхэлдэг иргэн Б банк бус санхүүгийн байгууллагын хөгжүүлсэн зээлийн аппликэйшнийг дөрөв дэх жилдээ ашиглаж буй гэнэ. Анх 100 000 төгрөг зээлэх эрхтэй байсан бол одоо 900 000-ыг авах болзол хангажээ. Зээлийн хэмжээгээ ахиулж, найдвартай зээлдэгч болсондоо тэрбээр баяртай байна. Мөнгө яаралтай хэрэг болсон үед аппликэйшнээс “аваад”, данс руугаа хийхэд хэдхэн минут зарцуулдаг нь түүнд таалагддаг аж. Харин авсан мөнгөө юунд зарцуулдаг, хүүнд нь хэдийг төлж буй тухайгаа нарийн тооцоолж боддоггүй гэдгээ тэрбээр хэлэв. Бага хэмжээний мөнгө богино хугацаатай зээлдэг учраас хүүгийн хэмжээнд төдийлөн ач холбогдол өгдөггүй бололтой. Б 50 000 төгрөг сарын хугацаатай зээлээд 52 000 болгож төлдөг юм байна. 100 000-ыг зээлээд 105 000 болгон өгч байж. Харин 900 000 төгрөг зээлбэл сарын дараа 929 000 төгрөг болгож төлөх гэнэ.
Төрийн албан хаагч М-ийн гар утсанд хүү бага, ямар ч шалгуургүй зээлийг гурван минутад авах аппликэйшн татах заавар ирээд байжээ. Тэр нь хувь хүний хариуцлагатай зан төлөвийг хэмжих аргачлалыг хиймэл оюун ухаантай хослуулан санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай үзүүлнэ гэх зэрэг тайлбартай байв. Тэрбээр уг аппликэйшнийг татан авч, цалин нь буух хараахан болоогүй үед болон бусад нөхцөлд зээл авсаар хоёр жил гаруйн хугацаанд ашиглаад устгажээ. Учир нь төрсөн өдрийн баяр тэмдэглэх, хямдралтай бараа, бүтээгдэхүүн худалдан авах зорилгоор хоёр жилд нийт хоёр сая гаруй төгрөг зээлснээ тооцсон байна. Харин хүүнд нь нэг саяас илүүг зарцуулж, нийт 3.2 сая төгрөг ББСБ-д төлсөн аж. Санхүүгийн сахилга батгүй, тоомжиргүй байдал нь ийн өндөр хүү төлөхөд хүргэснийг тэрбээр ойлгосон гэнэ. Өмнө нь банкуудын санал болгодог кредит карт ашиглан, мөнгөө бодлогогүй үрж байсан “туршлага”- тайгаа ч хуваалцсан. Түүнчлэн зээлийн аппликэйшн хөгжүүлэгчид нь хиймэл оюун ухаан ашигладаг, хувь хүний зан чанарыг үнэлдэг гэх мэт сурталчилгаа хийдэг боловч үнэн хэрэгтээ иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан байх магадлалтайг М дурдсан. Аппликэйшн ашиглагчдын найзуудыг хэрэглэгч болгуулах, гар утасных нь дугаарыг цуглуулах зэргээр дата үүсгэн, зээл санал болгож буй болохоор ийн бодсон аж.
Дээрх хоёр жишээнээс харахад аппликэйшний зээлийн хүү нэг сард 3-4 хувь байгаа юм
Мөн хэдэн төгрөг хэдий хэр хугацаагаар зээлсэн, зээлдэгчийн түүх болон аппликэйшнийг хэзээнээс ашиглаж эхэлсэн болон найз, нөхөд ойр дотнынхноо урьсан байдал зэргээс хамаарч хүүг янз бүрээр тогтоодог аж. Гэхдээ эхлэн үйлчлүүлэгчид, эхний 1-2 жилд сард дөрвөн хувийн хүү төлж байгаа юм. Үүнийг жилээр тооцвол 48 хувьд хүрч буй нь дэндүү өндөр дүн. Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөг нэг жилийн хугацаатай зээлбэл 1 480 000 төгрөг болгож өгнө гэсэн үг. Иргэд нэг сар буюу богино хугацаатай зээл авдаг учраас жилд зарцуулах хүүгийн төлбөрийн тухайд төдийлөн санаа зовдоггүй юм байна. Үүнээс гадна аппликэйшнээр авсан зээлээ хугацаанд нь төлөхгүй бол шимтгэл өгнө, сунгуулах тохиолдолд мөн мөнгө төлдөг аж.
Зээлийн аппликэйшн бол ББСБ-уудын санал болгож буй нэг үйлчилгээ. Манай улсад ийм байгууллагуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, ямар нэгэн зохицуулалт хийх хууль, журам байхгүйг Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн газрын нэгэн мэргэжилтэн өгүүлэв. Тэрбээр “Финтек буюу санхүүгийн цахим үйлчилгээний орчинд тавих өндөр хяналт байхгүй гэдэгтэй санал нийлнэ. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү болон хугацааг нь зохицуулах журам, дүрэмгүй. Гэхдээ ББСБ-ууд л аппликэйшн хөгжүүлэх эрхтэй. Нэг талаас хэрэглэгч, нөгөө талаас үйлчилгээ байгаа учраас л финтек зээлийн хэмжээ өсөөд байгаа хэрэг. 2021 онд онлайнаар 1.3 сая гаруй иргэн зээл авсан нь ББСБ-ын зээлдэгчийн 80.4 хувь нь гэдгийг статистикаас харж болно. Ийм өргөн хүрээг хамарч буй учраас зарим компани зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа эрхэлж байсан. Тиймээс өнгөрсөн жил 15 аппликэйшнийг хаалгасан” гэсэн юм
.Аппликэйшний зээл нь өдрийн зээл олголтын “соёлтой хэлбэр” гэхэд болох юм. Өдрийн зээл буюу өдрөөр хүүг нь тооцдог, нэг сараас ихгүй хугацаар хувь хүнээс өндөр хүүтэй зээл авдаг жишиг манайд бий. Гол төлөв хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиглэн болон гар дээрээс наймаа хийдэг хүмүүс ийм зээл авдаг. Үүнийг авахын тулд орлогоо нотолсон баримт, түрээсийн гэрээ, дансны хуулга зэргийг үзүүлж байлаа. Тэгвэл аппликэйшний зээл бий болсноор олон зүйл бүрдүүлэх шаардлагагүй болжээ. Олонх иргэн интернэт банк ашиглаж хэвшсэнээс төлбөр тооцооных нь дата ил болж, аппликэйшн хөгжүүлэгчид хянахад хялбаршсан бололтой.
“Монголын худалдаачдын холбоо” төрийн бус байгууллагынхан ч ББСБ-ын олгож буй зээлийн хэмжээ өндөр байгаа талаар саяхан мэдээлэл хийсэн. Арилжааны банкнаас 100 сая төгрөгийн зээл авахыг хүсэхэд бараг 500 саяын үл хөдлөх хөрөнгөтэй байхыг шаарджээ. Тиймээс барьцаа хөрөнгө төдийлөн шаардахгүйгээр нь ББСБ-аас зээл авах нь элбэг. Гэтэл зээлийн хүү сард багадаа гурав, жилд 36 хувиас давж байгаа нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд хүнд тусаж буйг хэлсэн. Улмаар аппликэйшний нэрээр зээл олголтыг хялбаршуулж, мөнгө хүүлэх болсныг дээрх холбооны менежер дурдсаар байгаа юм. Манай улсад арилжааны банкны дундаж хүү 2021 онд жилд 15.5 хувьтай байж өмнөх оныхоосоо нэг орчим нэгж хувиар багасжээ. Ипотекийн хөтөлбөрийн зээл зургаан хувьтай байгааг бид мэднэ. Гэтэл ББСБ-ууд олгож буй нь зээлийн хүү эдгээрээс 2-5 дахин өндөр байна. Мэдээж иргэд хүү багатай зээл авах сонирхолтой ч банкуудын эх үүсвэрийн хүртээмж тааруу, барьцаа хөрөнгөгүй зэрэг шалтгаанаас болж санхүүжилт олддоггүй. Тиймээс өндөр хүүтэй зээл авч, өрийн дарамтад орсон хэвээр байна. Улмаар утсаараа зээл авч ухаалаг хүүлэлтэд өртөх нь ихэслээ. Цаашид иргэд ББСБ-аас өндөр хүүтэй зээл аль болох авахгүйг хичээн, санхүүгийн сахилга баттай, тооцоотой байх хэрэгтэй боллоо. Ташрамд дурдахад, ББСБ-ын олгосон зээлийн хэмжээ 2021 онд хоёр их наяд төгрөг давжээ. Энэ нь өмнөх жилийнхээсээ 50 хувиар нэмэгдсэн дүн бол 2017 оныхоос даруй гурав дахин өссөн үзүүлэлт юм.