Өнгөрсөн баасан гаргийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 23 компани 2021 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг тараахаар болсноо мэдэгдэв. Тэдгээрээс гурав нь өмнөх оны сүүлийн хагас жилийн ашгаас ногдол ашиг тарааж буй юм. Дээрх компаниудын гурваас бусад нь ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох аж. Тодруулбал, “Барилга корпорац” ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг ирэх сарын 7, “Улаанбаатар хивс”, “Гермес центр” 10-ны өдрөөр тогтоох гэнэ.
Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах, эсэх талаар хэлэлцэн, шийдвэрлэж Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр тусгасан байдаг. Үүний дагуу хувьцаат компаниудын ТУЗ энэ сарын 19-ний дотор дээрх хуулийн 46.1-т заасны дагуу ногдол ашиг хуваарилах, эсэх шийдвэр гаргахдаа үнэт цаас бүрт ногдох ашгийн хэмжээ, үүнийг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон уг ашгийг төлөх өдөр зэргийг тусгах учиртай. Мөн ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай журмыг хэрэгжүүлж, дээрх ашгийг компани дээрээ олгож, жил дамжуулан өгдгийг зогсоон, ҮЦТХТ-тэй гэрээ байгуулж, Компанийн тухай хуулийн 46.10-т ногдол ашиг хуваарилах шийдвэрт заасан хугацаанд хуваарилах гэж заасныг хэрэгжүүлэх ёстой. Тэгвэл ногдол ашиг тараахаа мэдэгдээд буй компаниудаас гурав нь өөрийн байран дээрээ бэлнээр олгохоо мэдэгдээд байна.
Сонирхуулахад, тус биржид 192 үнэт цаас бүртгэлтэй байдаг. Үүнээс 185 нь хувьцаа, долоо нь бонд, хоёр нь хөрөнгө оруулалтын сан, нэг нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас юм.
Бэлтгэсэн Б.Сонор