Сэтгэл хөдөлгөм хайрын дурсамж, нинжин сэтгэлийг өгүүлэх “Сэтгэлд харвасан туяа” киног нээлээ. “Шанс” агентлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан, мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, багш Д.Маамхүүгийн гэгээн дурсгалд зориулж уг киног бүтээсэн гэнэ. Киргизийн их зохиолч М.Байжиев “Дуэль” жүжгийн зохиолоо 1968 онд бичжээ. Энэхүү уран бүтээлийг дэлхийн 270 орчим театрт жүжиг, дуурь, бүжгэн жүжиг хэлбэрээр тавьсан байдаг аж. Монголын театрын тайзнаа “Сэтгэлд харвасан туяа” нэрээр хоёр ч удаа амилуулж байсан энэхүү зохиолыг “Шанс” агентлагийнхан зохиолчийнх нь албан ёсны зөвшөөрөлтэйгөөр дэлгэцийн уран бүтээл болгожээ.
Д.Батсайхан: Өнөө цагт кино уран бүтээл болгож байгаа нь уг зохиол хуучраагүй байгааг илтгэж байна
Театр судлаач, СУИС-ийн багш, доктор, профессор Д.Батсайханы сэтгэгдлийг хуваалцъя.
Энэ киног Улсын хүүхэд, залуучуудын театрт тавьж байсныг би сайн мэднэ. Ардын жүжигчин А.Очирбат гуай, тус театрын жүжигчин Ц.Цолмон нар тоглож байлаа. Өнөө цагт кино уран бүтээл болгож байгаа нь уг зохиол хуучраагүй байгааг илтгэж байна. Жанрын хувьд сэтгэл зүйн уянгын драм.
Гол дүрийн жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш нь Соёл урлагийн их сургуульд магистр хамгаалсан. УДЭТ-т долоон жил ажилласан уран бүтээлч. Тус театрт түүний “Кихот ноён” жүжигт тоглож байсан нь надад сэтгэгдэл төрүүлж байв. Г.Дөлгөөн-Аюуш “Сэтгэлд харвасан туяа” кинонд сөрөг болон эерэг талыг харуулсан дүр бүтээсэн нь дүр бүрт хөрвөх уран чадвартай жүжигчин гэдгийг нь илтгэлээ. Найруулагч жүжигчдийн сонголтыг зөв хийсэн нь мисс, загвар өмсөгч Н.Анугаас харагдаж байна. Тэрбээр мэргэжлийн жүжигчин биш хэдий ч, их дотортой, итгэл үнэмшилтэй, өгөө аваатай, дүрээ сайн бүтээлээ. Ер нь гурван гол дүрийн жүжигчний хувьд өөлөх зүйл алга.
Кино зургийг Хөвсгөл аймагт авчээ. Тэр сайхан нутгийн өнгө төрх, далайн хөдөлгөөнийг үзэгчдэд тухайн орчинд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх болов уу.
Зураач, хувцасны дизайнерын ажил сайн. Монгол ноолуураа сурталчилж байгаа гэж ойлгохоор байна. Гаднынхан энэ киног үзвэл заавал Хөвсгөл нутгаар аялахыг хүсэх болов уу. Мөн жижиг хэрэглэл, орчин бүрдүүлэлт их сайн болжээ. Хөгжмийн хувьд их удаан ритмтэй боловч хүнийг уйдаамааргүй юм. Уран бүтээлчдийн нөр их хөдөлмөр, сэтгэл шингэсэн байгаа нь илт. Цар тахлын үед уран бүтээлчид хүнд цаг үеийг тууллаа. Энэ үед зоригтой, хөдөлмөрлөсөн уран бүтээлчдэд халуун баяр хүргэе.