Дэлхийн кино урлагийн салбарын тэргүүн зэрэглэлийн Каннын кино наадам нь 1946 оноос өнөөдрийг хүртэл жил тутам зохион байгуулагдаж, тус наадмын Зөвлөлөөс дэлхийн өнцөг булан бүрийн олон улсын дэлгэцэнд тавигдаагүй шилдэг киног сонгон шалгаруулж, урилга хүргүүлснээр оролцох боломж нээгддэг.
Уг наадамд жил бүр дунджаар 2000 гаруй бүтээлээс шилэгдсэн 50 бүрэн хэмжээний уран сайхны болон 10 баримтат киног Олон улсын уралдаан /International Competition/, Найруулагчдын хоёр долоо хоногийн өдөрлөг /Directors’s Fortnight/, Онцлох бүтээл /Un Certain Regards/ гэсэн үндсэн 3 хөтөлбөрийн хүрээнд дэлгэн үзүүлдэг. Наадмын төсвийг Францын төрийн сан, Канн хотын болон кино наадмын албан ёсны түнш болох томоохон компаниуд бүрдүүлдэг.
“Каннын кино наадам”-ын үеэр сургалт, форум зохион байгуулагдаж “Олон улсын кино хотхон” үзэсгэлэн нээж, оролцогч орнууд өөрийн павильонд үндэсний кино урлагаа танилцуулан сурталчлах болсон. Түүнчлэн 2004 оноос эхлэн “Каннын сонгодог” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд дэлхийн улс орнууд кино урлагийн салбарын хөгжил, түүхэн замнал, кино өвийн сэргээн засварлалтын чиглэлээр туршлага хуваалцдаг байна.
Монгол Улсаас тус наадмын богино киноны уралдааны хэсэгт “Гуру Медиа” студийн найруулагч С.Бямбаагийн “Хэвтрийн хүн” кино 2017 онд анх удаа, “Гурван Очир Фильмз”, “Гуру Медиа” студи болон Их Британийн “Poisson Rouge Pictures”-ийн дэмжлэгтэйгээр бүтээсэн залуу найруулагч П.Лхагвадуламын “Шилүүс” /Mountain Cat/ богино хэмжээний кино 2021 онд тус тус шалгаран оролцож байсан.
Монгол Улсад кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсантай холбогдуулан Монголын кино урлагийн салбарт эрх зүйн таатай орчин бүрдсэнийг сурталчлан таниулах, гадаадын продюсерүүд, хөрөнгө оруулагчдыг татах, наадмын олон улсын тосгонд Монголын павильоныг ажиллуулах, Монгол Улсын “Соёлын өдөрлөг” болон албан уулзалтуудыг зохион байгуулах, наадмын Marche Du Films платформд Монголын арилжааны болон арт хаус шинэ бүтээлийг сурталчлах талбайг албан ёсоор ажиллуулах, Монгол киноны үзүүлэн /screening/ хийх зэрэг оролцоог бий болгох юм.