…Энэ талаар Эрчим хүчний яамныхан сануулдаг ч үр дүнд хүрээгүй хэвээр. Цар тахлын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор иргэд, айл өрхүүдэд учрах дарамтыг багасгах үүднээс тарифыг өөрчлөхгүй хэмээн тайлбарлах нь бий. Хэрэв эрчим хүчний тарифыг 25 хувиар нэмбэл дундаж хэрэглээтэй буюу цахилгааны төлбөрт сард 25 000 төгрөг зарцуулдаг айл нэмж 6250-ийг төлж эхлэх нь төдийлөн өндөр дүн биш гэдгийг мэргэжилтнүүд онцолсон…
Чингэлтэй дүүргийн XVIII, XIX хороонд сүүлийн хагас жилд айл өрхүүдийн цахилгаан тасарсан өдөр нь тасраагүйгээс олон байжээ. XVIII хорооны иргэн Ч.Гомбосүрэн “Өмнө нь цахилгаан төдийлөн тасардаггүй байсан. Харин сүүлийн нэг жилд долоо хоногт 2-3 удаа доголдон, хагас жилд бараг өдөр бүр тасардаг боллоо. Ингэхдээ 3-4 цаг цахилгаангүй байх энүүхэнд. Зуслангийн бүсэд амьдарч, өвөлждөг айлууд өмнөх жилүүдийнхээс олширч, ачааллаа дийлэхгүйд хүрсэн бололтой” гэв. Бусад дүүрэгт ч цахилгаан тасрах нь түгээмэл болж, эрчим хүчний салбар доголдож, ачааллаа дийлэхгүй байгаа нь олон нийтэд илт анзаарагдаж байна. Цахилгааны доголдол яагаад ийн нэмэгдсэнийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас тодруулахад “Айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг төрөөс хөнгөлсөнтэй холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ ихэссэн. Дахин дамжуулах станцуудын хүчин чадал хүрэлцэхээ байж, доголдол үүссээр байна. Ялангуяа зуслангийн бүсэд өвөлжих айлуудын тоо өсөж, цахилгааны хэрэглээ нь сүүлийн хоёр жилд 40 гаруй хувиар нэмэгдсэн нь тухайн орчинд эрчим хүч байнга шахам тасрах шалтгаан боллоо” гэв.
Ер нь манай улсын дулаан, эрчим хүч үйлдвэрлэлийн найдвартай, хэвийн үйл ажиллагаа алдагдан, салбар нь бүхэлдээ өр төлбөрт баригдан, арайхийн ажиллаж буй нь бодит үнэн. Тиймээс үүний шалтгааныг тодорхойлж, гарц гаргалгааг хайх зорилгоор Үндэсний аудитын газраас (ҮАГ) “Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө” гүйцэтгэлийн аудит хийн, дүгнэлт, зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагуудад нь өнгөрсөн сард хүргүүлжээ. Уг тайлангаас товч дурдъя.
Эрчим хүчний салбарын дунд, урт хугацааны бодлогын хэрэгжилт хангалтгүй, үнэ тарифыг бүрэн индексжүүлээгүй буюу хэрэглэгчдэд хямд үнэ санал болгож байгаа нь салбарын алдагдал нэмэгдэх үндсэн шалтгаан болж буйг ҮАГ-ын тайланд дурджээ. Цаашилбал цахилгааны хэрэглээнд сэргээгдэх эх үүсвэрээс нийлүүлэх бүтээгдэхүүний эзлэх хэмжээг өсгөх ажлын ахиц бага, цөмийн эрчим хүч ашиглаж эхлэх дунд, урт хугацааны төлөвлөгөөний бэлтгэл хангах ажил хийгээгүй байгаа аж. Мөн дунд, урт хугацааны бодлогын хэрэгжилтийг хангах талуудын оролцоог бүрэн тодорхойлоогүй, зайлшгүй хэрэгжүүлэх мега төслүүдэд оруулах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй, төслүүдийг ач холбогдол, гүйцэтгэх дарааллаар эрэмбэлээгүй, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулаагүй зэрэг нь ч эрчим хүчний салбарт доголдол, алдагдал үүсэх шалтгаан болжээ.
Эрчим хүчний тарифыг индексжүүлэн нэмэхгүй, хямд үнэ санал болгосон хэвээр байгаа нь салбарын өрийн хуримтлалыг өсгөж буйг дээр дурдсан. Үүнд Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам баталж, нийслэлийн гэр хорооллын айлуудын ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх шийдвэрийг ч багтаан ойлгож болох гэнэ.
Уг шийдвэрийг хэрэгжүүлсэн үеэс хойш эрчим хүчний салбарын хуримтлагдсан өр 7.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Мөн хөнгөлөлтийн санхүүжилтийг Сангийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргах ёстой ч төсөв хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар өдий болтол шийдээгүй байна.
Манай улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар 10 гаруй хувиар ахиж байгаа бөгөөд 2024 онд цахилгааны зарцуулалт 10.4 тэрбум кВт/цаг, дулааны эрчим хүчнийх 12.7 сая Гкал болох тооцоо гарчээ. Ингэснээр импортлох цахилгааны хэмжээ 3.3 дахин өсөж, улсын төсөвт үлэмж дарамт үүсгэх аж. Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогыг 2015 онд батлан, сүүлийн дөрвөн жилд төсвийн хөрөнгө, гадаадын зээл тусламж болон концесын гэрээгээр нийт 993.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Гэсэн ч энэ нь эрчим хүчний системийг “эрүүлжүүлэх”, тасралтгүй ажиллагааг хангах цогц бодлого хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн дөнгөж 8.8 хувьтай тэнцсэнийг ҮАГ-ын тайланд бичсэн байв.
Ийнхүү хөрөнгө оруулалт хангалтгүй байснаар 2020 онд 398.5 тэрбум төгрөгийн зардал хэмнэх боломж алдагджээ. Өнгөрсөн жил эл хэмжээ ахин өссөн гэнэ. Улмаар эрчим хүчний салбарын хөгжилд дэвшил гарахгүй, алдагдал болон хэмнэж болох зардлын хэмжээ өссөөр байгаа нь хөгжлийн бусад зорилтын үр дүнд ч сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэжээ. Наад захын жишээ дурдахад, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх төлөвлөгөө биелэхгүй байснаар 2016-2020 онд жил бүр 49.5 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах боломжгүй болжээ. Түүнчлэн “Тавантолгой ДЦС”-ыг ашиглалтад оруулсан бол зөвхөн “Оюутолгой” компанийн хэрэглээг хангаад жилд 349 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой байжээ.
Манай улсад хэрэглэгчдэд нийлүүлж буй эрчим хүчний үнэ үйлдвэрлэж буй зардлаас ямагт доогуур явж ирснийг олон эх сурвалж хэлдэг. Одоогоор эрчим хүчний тарифыг хамгийн багадаа 28-30 хувиар нэмбэл салбарын алдагдлын хэмжээг бууруулахад түлхэц болох аж. Энэ талаар Эрчим хүчний яамныхан сануулдаг ч үр дүнд хүрээгүй хэвээр. Цар тахлын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор иргэд, айл өрхүүдэд учрах дарамтыг багасгах үүднээс тарифыг өөрчлөхгүй хэмээн тайлбарлах нь бий. Хэрэв эрчим хүчний тарифыг 25 хувиар нэмбэл дундаж хэрэглээтэй буюу цахилгааны төлбөрт сард 25 000 төгрөг зарцуулдаг айл нэмж 6250-ийг төлж эхлэх нь төдийлөн өндөр дүн биш гэдгийг мэргэжилтнүүд онцолсон.
Үйлдвэрлэл, чадлын доголдлоос гадна тоног төхөөрөмжийн элэгдэл ч анхаарал татахуйц түвшинд хүрчээ. Тухайлбал, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн ашиглаж буй дамжуулгын нийт урт 5584.1 км. Үүний 1278 км-ийг нь 10 хүртэлх, 4100 орчим км-ийг нь 21-ээс дээш жил ашиглаж буй аж. Нийт 80 дэд станцын 151 иж бүрдэл бүхий 5064.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай трансформаторын гуравны нэгээс илүүг нь 21-ээс дээш жил ашиглаж байгаа гэнэ. Мөн түгээх сүлжээний 30 дэд станцаас 25 нь суурилагдсан хүчин чадалдаа тулсан, зарим нь чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа гэнэ.
Үүнээс гадна ялангуяа Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүдийн чадал 2021 оны есдүгээр сарын байдлаар 2534, дулааны тооцоот ачаалал 2992 Гкал/цагт хүрч, суурилагдсан хүчин чадлаас 45.3 хувиар хэтэрчээ. Дулаан дамжуулах нийт 379.5 км урттай шугамын 76 хувь нь 30 хүртэлх, 24 хувь буюу 91.2 км нь 30-аас дээш жилийн насжилттай болж, ашиглалтын хугацаа нь дуусжээ. Эндээс эрчим хүч болон дулаан үйлдвэрлэлийн салбарын алдагдал хэрээс хэтэрч, тоног төхөөрөмжийнх нь ашиглалтын хугацаа дуусан, салбарын хуримтлагдсан өр өндөр дүнд хүрсэн нь харагдаж байна. Цаашид эрчим хүч, дулаан үйлдвэрлэлийн салбарт эн тэргүүнд ямар арга хэмжээ авах талаар ЭХЗХ-ноос лавлахад “Аудитын тайлангийн дүгнэлт, зөвлөмж тус бүрийг нягталж, шаардлагатай ажлуудыг хийж байгаа. Гэхдээ эл үзүүлэлт, дүгнэлт бол шинэ зүйл биш. Салбарынхан өмнө нь тооцоолж, мэдээлж байсны илүү дэлгэрэнгүй тайлбар юм.
Эн тэргүүнд бид цахилгаан, дулааны тарифыг нэмэх учиртай. Эл ажлыг хэрэгжүүлэхэд Засгийн газар болон холбогдох байгууллагаас шийдвэр гаргах хэрэгтэй. Ер нь ЭХЯ, ЭХЗХ болон салбарын мэргэжилтнүүд эрчим хүч, дулаан үйлдвэрлэгчдийн нийлүүлж буй бүтээгдэхүүний үнийг шат дараатай өсгөх, төрөөс үнэ “барьдаг” бодлогыг халуулах эрмэлзэлтэй. Өөрөөр хэлбэл, үнэ чөлөөлөх, зарим аж ахуйн нэгжийг хувьчлах зэргээр дорвитой алхам хийвэл үр дүн гарна” гэвНамжилдорж