Засгийн Газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр шийдэгдсэн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ "Боомт гэдэг бол хоёр орны эдийн засагт харилцан ашигтай. Экспорт, импортын бараа материалыг нэвтрүүлэх ийм зүйл учраас цаад талдаа ч эдийн засгийн өндөр хүлээлттэй байгаа. Гашуунсухайт-Ганцмод боомт дээр бараа ачиж буулгах терминалыг аль талдаа барих асуудлаар энэ сарын 15-ны өдөр БНХАУ-ын талтай уулзалт хийхээр болсон. Бидний зүгээс бэлдсэн байсан терминалын ТЭЗҮ-ээ өнөөдөр эцэслэн хүргүүлээд байна. Хоёрдугаар асуудал нь нэг бүс, нэг зам гэж манай бүс нутгийн томоохон бүтээн байгуулалттай чухал ач холбогдолтой хоёр төслөө ярьлаа. Энэ нь хойд хил, урд хилийг холбох буюу Замын-Үүд, Алтанбулгийг холбох хурдны авто зам болон хос төмөр замын бүтээн байгуулалтын асуудал юм.
Улаанбаатар хотод баганан тулгуурт тээврийн хэрэгслийн болон алслагдсан дүүргүүдэд тойрог бүхий хурдны замын бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж буйгаа танилцуулсан. Хятадын талаас энэ хоёр төслийг сонирхож, ач холбогдол өгч буйгаа илэрхийлээд байна" гэв.