УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр болж Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр байр сууриа илэрийллээ.
Тэрбээр хэлэхдээ “Хөгжлийн банкнаас гаргасан 1.6 их наяд төгрөг чанаргүй болсон. 841 тэрбум төгрөгийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм байна. Нэг хүн Монголын баялагийн дийлэнхийг эзэмшиж байна. Ийм байж болохгүй.
Монголд хулгай хийдэг хэдхэн хүн байна. Улсын өмч хөрөнгийг эзэнгүйдүүлж, цаашлаад улсаас нэмж мөнгө авдаг. Энэ бол хуулийн цоорхойг ашиглаж буй нэг хэлбэр. Үүнийг зохицуулах хууль гаргамаар байна" гэв.
Түүний саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар дэмжиж Хөгжлийн банкны асуудлаар Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулах тухай асуудлыг УИХ-ын хаврын чуулганд танилцуулж, хэлэлцэнэ гэдгээ илэрхийллээ.
Энэхүү асуудлыг тодруулбал, Хөгжлийн банк 2023 оны эцсээр “Самурай” бонд, мөн тус банканд 2018 онд татан төвлөрүүлсэн 500 саяын бондын төлбөр нийт 800 сая ам.долларын зээлийг төлөх ёстой юм байна. Хэрэв чанаргүй зээлдэгчид зээлээ барагдуулахгүй байсаар байвал Засгийн газар уг зээлийг төлөхөөс аргагүйд хүрэх аж.
Одоогийн байдлаар нийт 1.6 их наядаас 841 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй 25 компанийн нэрийг ил болгоод буй. Эдгээр зээлдэгчдийг шүүхэд өгөөд байгаа гэнэ. Газар дээр нь шалгалт хийж үзэхэд, зээлээ зориулалтын бусаар ашигласан компани нэлээд байгаа аж. Мөн тэд зээл авахдаа барьцаа хөрөнгө гэж тодорхой зүйлгүй зээл авчихсан байгаа юм. Гэвч шүүхэд олон хэрэг шийдэгдэх дарааллаа хүлээн овоорч байдаг тул энэ асуудал ойрын хугацаанд шийдвэрлэгдэх нь юу л бол...
Шүүхээр шийдэгдэх хүртэл банк алдагдал хүлээх болно. Өөрөөр хэлбэл тус банк гаднаас санхүүжилтээ босгодог. Хэрэв зээлээ төлөхгүй удвал төрийн өр дээр давхар ачаа болох юм. Банк бол үйлдвэрлэгч биш. Харин зөв төслийг санхүүжүүлж, хяналтаа тавих үүрэгтэй. Энэ төсөл Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулахуйц гарт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйл бий болгож байна уу гэдэгт л гол учир бий.