Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2021” судалгааны үр дүнг 10 жилийн дараа дахин танилцууллаа.
Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд 175 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог аж. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдийн санал асуулгын мэдээллээс бүрддэг байна.
Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг анх боловсруулж эхэлсэн цагаас /10 жилийн өмнө/ жил болгон ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол энэ жилийн хувьд Дорноговь аймаг нэгдүгээр эрэмбэлэгдсэн нь онцлох үр дүн байв.
Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд 2,3,4,5 дугаарт эрэмбэлэгджээ. Харин Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна.
Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон аймаг, Засаглалын үр ашгаар Сүхбаатар аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Дэд бүтцээр Дорноговь аймэг нэгдүгээрт эрэмбэлэгджээ.