Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн газар Монголын хамгийн отгон банк болох Богд банктай хамтран 100 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөрийг нийт ЖДҮ эрхлэгчдийн дунд зарласныг өнөөдөр НЗДТГ-аас мэдээллээ.
Зээлийн хүү нь 1.3-1.5 хувийн хүүтэй байх юм байна. Мөн тохирсон барьцаа хөрөнгө, таатай боломжит нөхцлийг харилцагч нарт санал болгоно гэж Богд банкнаас мэдээллээ.
НЗДТГ-аас 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хойш явуулсан таван удаагийн судалгаагаар ЖДҮ эрхлэгчдийн 96 хувь нь ямар нэгэн санхүүгийн эрсдэлд орсон гэдэг нь тогтоогджээ. Тиймээс дээрх арга хэмжээг авч буй аж.
Монгол Улсад нийтдээ жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 63 мянган аж ахуй нэгж байдгаас 43 мянга нь нийслэлд, 20 мянга нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг дангаараа бүрдүүлдэг аж.