Монгол Улсын 2021 оны нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн жил 14.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 36.5, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 12.7 их наядад хүрч 34.1 хувиар өсжээ. Харин төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл 15.6 их наяд төгрөгөөр хэмжигдэн, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.9 их наядын алдагдал хүлээсэн байна. Зарлагын өсөлтөд урсгал зардал өмнөх оныхоосоо 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлөв. Мөн татварын нийт орлого 11.3 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн жилийнхээсээ 2.8 их наядаар нэмэгджээ. Үүнд орлогын албан татвар 48.9, нийгмийн даатгалын орлого 42.4, нэмэгдсэн өртгийн албан татвар төвлөрүүлэлт 28.4 хувиар ахисан нь нөлөөлсөн аж. Түүнчлэн өнгөрсөн сарын эцсийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 27.8 их наяд төгрөг болж, жилийн хугацаанд 14.8 хувиар нэмэгджээ. Уг өсөлтөд валютын харилцах дансны үлдэгдэл 362 тэрбумаар, төгрөгийнх 2.2 их наядаар, төгрөгийн хадгаламж 1.6 наяд төгрөгөөр ахисан нь дэмжлэг болов.