2021 оны 12 дугаар сард инфляц 13.4 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар өссөн нь 2014 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр түвшин болж байна.
Инфляц 13.4 хувь гарсны 46.3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Арван нэгдүгээр сард инфляцын 50.5 хувь нь импортын барааны өсөлтөөс шалтгаалсан гэж Үндэсний статистикийн хороо мэдээлж байсан юм.
Ингэснээр Монголбанк мөнгөний бодлогоо чангатгах дарамт улам ихсэж байна. Энэ нь Монголбанкны мөнгөний бодлогын дараагийн хуралдааны шийдвэр анхаарал татна гэсэн үг юм. Төв банк инфляцыг нийлүүлэлтийн гаралтай гэж үзэж байгаагаас бодлогын хүүгээ нэмээгүй.
Монголбанкны хувьд 2022 оны эхний хагаст инфляц үргэлжлэн эрчимжинэ, харин сүүлийн хагаст зорилтот түвшний интервалд буюу 4-8 хувьд тогтворжино гэсэн хүлээлттэй байна.
Ташрамд мэдээлэхэд, Инфляци өсөхийн хэрээр мөнгө таваарын гүйлгээ, төлбөр хийх үүргээ алддаг. Инфляци мөнгөний зах зээлийн тэнцвэр алдагдахад үүсч бий болох ба улмаар үйлдвэрлэл хэрэглээг бүхэлд нь хамарч байдаг аж. Инфляци хүчтэй болох тутам төрөөс түүний эсрэг зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд улам бүр хүндрэлтэй болдог байна.