Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн бус барилгын ажилд шаардлагатай 4000 тонн бараа материал өнгөрсөн оны 12 дугаар сарын 24-ны өдөр БНХАУ-ын Тяньжин боомтод ирж ачааг боомтын талбайд бүрэн буулгажээ. Ачааг Эрээн боомт руу тээвэрлэн авч ирэх ажлыг зохион байгуулж байна.
Лицензгүй технологийн байгууламжийн ажил ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг арван хоёрдугаар сарын 30-нд хүлээн авчээ. Одоогоор үнэлгээний ажил нь хийгдэж байгаа гэнэ.
Тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компанийг сонгон шалгаруулалтын тендерийг өнгөрсөн оны аравдугаар сарын 23-нд хүлээн авч тендерт шалгарсан компанитай байгуулах гэрээний төслийг боловсруулж байна гэж Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор:
- Түлш, шатахууны импортын хамаарлаас гарна
- Нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно
- Улсын төсөвт дорвитой хувь нэмэр оруулна
- Шатахууны дотоодын хэрэгцээний 55 орчим хувийг хангана
- Гадаад худалдааны алдагдал $1.0 тэрбум орчмоор буурна
- Инфляцын түвшин буурахад нөлөөлнө
- Иргэдийн худалдан авах чадвар дээшилнэ.
Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тосыг эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтайгаар, байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар, аюулгүй тээвэрлэх нөхцөл бүрдэж, олон улсын дэвшилтэт техник, технологийг нутагшуулах ач холбогдолтой юм.