Өнгөрсөн жил 35 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортолно гэж тооцоолж байсан бол цар тахлын нөхцөл байдлын улмаас 15.6 сая тонныг л экспортолжээ. Тиймээс энэ жилээс эхлэн шинэчлэл хийх буюу хүний оролцоо багатай иж бүрэн автоматжуулсан чингэлэг тээврийн терминалыг гаалийн тээвэрлэлтэд бүрэн нэвтрүүлэх хэрэгтэйг өнөөдөр ГЕГ-аас мэдээлэв.
Дээрх шинэчлэлийн ажил 2020 оны долдугаар сард Засгийн Газрын тогтоол гарснаар эхэлж, 2021 оны есдүгээр сард дуусч, арван сард анхны туршилтаа хийсэн байна.
Тодруулбал Шивээ-Хүрэн боомтод өнгөрсөн оноос тус бүтээн байгуулалт эхэлж, одоогийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Үүнийг энэ онд 100 хувьд хүргэхээр зорьж байгаа юм байна.
Шивээ-Хүрэн боомт нь жилд 7.6 сая тонн нүүрсийг экспортлох хүчин чадалтай бөгөөд дээрх шинэчлэлийг хийснээр цар тахлаас үл хамааран 10 сая тонн-д хүргэх боломжтой гэж салбарынхан үзэж байгаа юм.
Цаашид ч хүний оролцоогүй автоматжуулсан тээвэрлэлтийг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа Гаалийн ерөнхий газраас мэдэгдсэн бөгөөд тодруулбал, жолоочгүй тээвэр, дүүжин тээвэр, төмөр замын бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэйг онцлов.