Улаанбаатарын дийлэнх зах, дэлгүүрт энэ сарын нэгдүгээр долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 11 600, үхрийнх нь 14 000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь өмнөх долоо хоногийнхоосоо 140 орчим төгрөгөөр өссөн дүн болсныг нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. Харин үхрийн цул махыг кг-ыг нь дунджаар 15 000, хониныхыг 10 000 төгрөгөөр борлуулсан нь долоо хоногийн хугацаанд тус бүр 50 орчим төгрөгөөр хямдарсан дүн аж. Хаана борлуулж буйгаас хамаарч махны үнэ кг тутамдаа 4000-5000 төгрөгийн зөрүүтэй байгаа юм. Түүнчлэн монгол төмсний үнэ нэг долоо хоногт 1.3 хувиар нэмэгдэн кг нь 1150, луувангийнх 2.6 хувиар өсөн 3100 төгрөгт хүрсэн аж. Монгол байцай болон хүрэн манжинг кг-ыг нь 2500-3800 төгрөгөөр борлуулсан нь 3-5 хувиар нэмэгдсэн дүн аж.
Бэлтгэсэн С.Дулам