Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Зам, тээврийн хөгжлийн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл оролцсон зөвлөлдөх, бодлого, төлөв лөлтийн тухай санал солилцох уулзалтыг өнбаасан гарагт зохион байгууллаа. Энэ үеэр яамдын газрын дарга нар салбартаа хийж буй ажлаа танилцуулан зарим чиглэлд ЗТХЯ-ны зүгээс бодлогын түвшинд дэмжих, хамтарч ажиллахыг хүсэв. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, өндөг зэргийг тогтмол хэмд хадгалах шаардлагатай бөгөөд тээвэрлэлтийн явцад хөргөлтийн горимд доголдол үүсэн хүнсний чанар, аюулгүй байдал алдагдах тохиолдол гардаг аж. Тиймээс хүнсний экспорт, импортын зориулалттай хөргүүртэй чингэлэг шаардлагатай байгааг ХХААХҮЯ-наас илэрхийлэв. Түүнчлэн зэрлэг ан амьтанд зориулсан гарц, гармыг Ховд аймгийн Алтай сумын баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замд, Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр зам дагуу, Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг дахь Шар шороот орчимд барихаар төлөвлөснөө БОАЖЯ-наас танилцуулж, хог хаягдлыг түр хадгалах, устгах зориулалтын байгууламж барихад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Харин ЗТХЯ-наас автомашин, тээврийн хэрэгслээс гарч буй аюултай хаягдалд багтахыг онцлон хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг Налайх, Эмээлтэд байгуулахаар зорьж буйг тэмдэглэв. Эмээлт орчим 30 га газарт Монголын хог хаягдлын холбоотой хамтран хог боловсруулах үйлдвэр барих гэрээ хийсэн боловч жил гаруйн хугацаанд ямар нэгэн ажил хийгээгүй аж. Тиймээс Японы компанитай хамтран ажиллахаар БОАЖЯ-наас санамж бичиг байгуулжээ. Олон жилийн судалгааны дүнгээр манай улсад үйлдвэр байгуулах хэмжээний хог, хаягдал үүсэж буй нь тулгамдсан асуудал болсныг талууд онцлов.
Бэлтгэсэн С.Дулам