Иргэд худалдан авах байрныхаа 30 хувийг урьдчилж төлдөг. Ингэж байж үлдсэн 70 хувийг нь ипотекийн зээлээр авах нөхцөл бүрдэнэ. Барилга хот байгуулалтын яамнаас өнгөрсөн онд гэр хорооллын айлуудын дунд судалгаа хийхэд иргэдийн 55 хувь нь урьдчилгаа төлбөр бүрдүүлэх боломжгүй гэжээ.
Тэгвэл энэ урьдчилгаа төлбөрийн хувийг 20 хувь болгон бууруулах боломжийг Барилга хот байгуулалтын яам өнгөрсөн оноос судалж эхэлсэн. Ингэхдээ зөрүү буюу 10 хувийг нь Зээлийн батлан даалтын сангаас гаргах боломжтой гэж тооцоолжээ. Энэхүү ажлыг энэ оны нэгдүгээр сарын 1-нд ажил хэрэг болгох ёстой байсан боловч одоог хүртэл эцсийн шийдвэр гараагүй байгаа юм.
БХБЯ-ны Орон сууц санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболдоос тодруулахад “Ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгох чиглэлээр хууль батлагдсан. Мөн журам боловсруулж байна. Гэвч санхүүжилт дээрээ гацаад байгаа учраас одоог хүртэл шийдвэрлэж амжаагүй байгаа юм. Гэхдээ Монгол банк, Арилжааны банк, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан болон Барилга хот байгуулалтын яамнаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Тус асуудлыг шийдвэрлэхээр арилжааны банкнуудаас санал авч байна” хэмээлээ.