Манай улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн жил 16.09 тэрбум ам.долларт хүрсэн нь 2020 оныхоос 25 хувиар өссөн дүн болсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Экспортоос олсон орлого импортын зарцуулалтаас хоёр тэрбум гаруй “ногоон”-оор давж гадаад худалдааны тэнцэл эерэг гарчээ. Тодруулбал, 9.2 тэрбум орчим ам.долларын бараа, түүхий эд нийлүүлж, 6.8 тэрбумын бүтээгдэхүүн худалдан авчээ. Энэ нь экспорт, импортын хэмжээ 2020 оныхоос 22-29 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болов. Түүнчлэн экспортын нийт дүнгийн 81 хувийг эрдэс бүтээгдэхүүн, 11 орчмыг нь үнэт металл, хагас үнэт чулуу эзлэв. Харин импортоор авсан барааны 80 гаруй хувь нь нефтийн бүтээгдэхүүн бол автомашин болон механик тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл 18 хувийг бүрдүүлжээ. Манайх нийт экспортынхоо 64 хувийг урд хөршид нийлүүлсэн бол импортын бараа, бүтээгдэхүүний 36.4 хувийг БНХАУ-аас худалдан авсан байна.
Бэлтгэсэн С.Дулам