Худалдаа, үйлчилгээний салбарт төрийн хяналт, шалгалтыг багасган шинэчлэх, сайжруулах шаардлагатай хууль, дүрэм, журам, стандартын талаар санал боловсруулж, Засгийн газар хүргэх цахим уулзалт зохион байгуулав.
Уулзалтад МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдааны бодлогын зөвлөл, худалдааны салбарын компаниудын төлөөлөл оролцсон юм.
Манай улсад жижиглэн худалдааг зохицуулсан хууль байхгүй. Энэ төрлийн үйлчилгээг MNS 5021-1: 2019 стандартаар зохицуулж иржээ. Стандартын дагуу жижиглэн худалдааны газрын хүчин чадлыг худалдааны талбайн хэмжээнээс хамаарч 8 төрлөөр ангилж байгаа нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим дэлгүүрийн хувьд зөрчилдөж байгаа. Тиймээс өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээ, нийгмийн шаардлагатай нийцүүлэн стандартаа зарим талаар шинэчлэх шаардлагатайг худалдааны салбарынхан хэлж байв.
Мөн оролцогчид тохирлын болон лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээ авахаар материалаа бүрдүүлж өгөөд, баталгаажуулалтын зөвлөл, үнэлгээний ажлын хэсгийн хурлыг хэдэн сараар хүлээх тохиолдол бий. Импортолж буй бараа, бүтээгдэхүүний шошгод хэлний шаардлага тавьдаг. Импортоор оруулж ирсний дараа бус заавал хилийн цаана шошгоо наах шаардлага тавьж байгаа нь хүндрэлтэй байгааг онцолж байлаа.
Түүнчлэн нийт ажилтнаа жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулахдаа зөвхөн улсын эмнэлэгт хандах шаардлагыг өөрчилж, хувийн хэвшлийн эмнэлэгт ч үзлэг хийлгэх боломжтой болгох зэрэг саналуудыг хэллээ.
Худалдаа, үйлчилгээний салбарынхны дээрх болон бусад бичгээр ирүүлсэн саналыг нэгтгэн Засгийн газарт хүргүүлэхийг МҮХАҮТ-аас мэдээлэв.