Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Энэ хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, улмаар 150 мянган иргэн, 50 мянга орчим өрх шилжин суурьших боломжтой дагуул хот байгуулах аж. Ингэснээр Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол 10, замын түгжрэл 20 орчим хувиар буурах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна.
Тэнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон үзэл баримтлалд нийцэж байгаа бөгөөд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь болно.
Мөн тус бүсэд тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулах, Евро-Азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус олон тулгуурт эдийн засагтай байх бодлогод нийцнэ гэж төлөвлөж байгаа юм байна.