Инфляцын түвшин улсын хэмжээнд өнгөсөн арваннэгдүгээр сард 10.5, Улаанбаатарт 10 хувьд хүрсэнд махнаас бусад хүнс болон шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлснийг Монголбанкнаас тайлагнав. Тодруулбал, 2021 оны 1-11 дүгээр сард шатахууны үнэ төрлөөсөө хамаарч литр тутамд 700-750 төгрөгөөр нэмэгдсэн нь инфляцын хоёр нэгж хувийг бүрдүүлжээ. Мөн хил хаагдсантай холбоотойгоор импортын бараа, нарийн ногооны үнэ өссөн, бусад ногооны ханш ч “чангарсан” нь инфляцыг нийт 1.6 нэгж хувиар нэмэгдэх нөхцөл болжээ. Харин арваннэгдүгээр сард махны үнэ улирлын чанартайгаар хямдарч жилийн инфляцын 2.1 нэгжийг бүрдүүлснийг мэдээллээ. Цаашид хилийн боомтуудын хязгаарлалтаас шалтгаалсан тээврийн зардлын нэмэгдэл, малын өвчлөлтэй холбоотойтоог махны нийлүүлэлт багасан, үнэ нь өсөх зэрэг эрсдэл үүсэх аж. Тиймээс энэ оны эхний хагас жил хүртэл инфляц илүү нэмэгдэх бөгөөд сүүлийн хагасаас нь алгуур буурах төлөвтэйг Төвбанкнаас дурдлаа.
Бэлтгэсэн С.Цэрэн