Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Цай Вэньруйг өнгөрсөн доЕлоо хоногийн баасан гарагт урьж уулзав. Уулзалтын зорилго нь цар тахлын нөхцөл байдлын улмаас БНХАУ болон Монгол Улсын хоорондын хил, гааль дээр хийж буй иргэдийн зорчих хөдөлгөөн, эдийн засаг, худалдааны харилцаа, тээвэр ложистикийн хязгаарлалт, түүнийг хэрхэн шийдвэрлэх асуудлаар санал солилцож, хамтран ажиллах талаар юм. Б.Цэнгэл БНХАУ-ын Эрээн хотын Шинэ коронавирустэй тэмцэх ажлын албаны 83 тоот мэдэгдэл гарснаас буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Замын-Үүд-Эрээн боомтоор төмөр замаар дамжин гарах зэсийн баяжмалын импортын нөхцөл байдал, түүний нэвтрэлтийг нээх, нэмэгдүүлэх талаар онцгойлон анхаарч, БНХАУ-ын холбогдох байгууллагуудад асуудлыг тавьж, хамтран ажиллахыг хүссэн байна. Мөн БНХАУ-д 2003 оноос хэрэгжүүлж буй Төрийн өмчийн талаарх шинэчлэл, түүний үр дүнгийн талаар санал солилцож, цаашид БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт, удирдлагын тусгай хороотой харилцан туршлага солилцох, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.
Элчин сайд Цай Вэньруй цар тахлын хүнд үед Монгол Улс БНХАУ-ын ард түмэнд чин сэтгэлийн тусламж, дэмжлэг үзүүлж байсныг онцлон тэмдэглэж, санал солилцсон чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.