Бид улиран өнгөрч буй оны сүүлийн өдрүүд болон шинэ оны эхэнд дэлхий даяар сонирхолтой үйл явдал бараг болдоггүй гэж боддог. Гэвч бодит байдал дээр огт өөр байдаг аж. Ихэнх хүмүүс гацуур модоо чимэглэж, дэлгүүр хэсэж, эсвэл зүгээр л ирж буй баярыг сайхан өнгөрүүлж байхад дэлхий дээр маш хачирхалтай, инээдтэй, зарим газар эмгэнэлтэй үйл явдлууд өрнөдөг байна.
Өнгөрсөн зул сарын баяраар АНУ-ын Оклахома мужид Сатан буюу Чөтгөрийг бишрэн шүтэгчид Буг чөтгөрийн хоёр метр өндөр хөшөөний загварыг олонд танилцуулжээ. Тэд уг хөшөөгөө мужийн Капитолын ордны ойролцоо суурилуулахаар төлөвлөж буй аж. Нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хүүхдүүдээр хүрээлэгдсэн сэнтийд сууж буй буг чөтгөрийн дүрсийг боржин чулуугаар хийжээ. АНУ-ын Библийн бүс гэгддэг Оклахома мужийн иргэд мэдээж хэрэг эл үйл явдлыг “байж боломгүй” зүйл хэмээн үзэн эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Оны сүүлийн өдөр Германы нийслэл Берлин хотын Aldi сүлжээ дэлгүүрүүдэд 6 сая орчим еврогийн үнэ бүхий 140 кг гаруй кокаин мансууруулах бодис илрүүлжээ. Колумбаас ирсэн уг бодисыг дээрх худалдааны байгууллагад гадил жимсний хайрцагт хүргэж ирсэн байна. Берлин хотын Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгчийн хэлснээр хайрцагтай бодисуудыг санамсаргүй байдлаар илрүүлсэн бөгөөд гэмт хэрэгтнүүдийн ачаа тээврийн системд алдаа гарсан байх магадлалтай хэмээн үзэж байгаа аж.
ОХУ-ын Хакас мужийн нэгэн цагдаагийн хэлтсийн дарга уйдсандаа дэлгүүр дээрэмджээ.
Цагдаагийн хэлтсийн даргын эсрэг хулгайн хэргээр эрүү үүсгэсэн байна. Ээлжийн амралтаа авсан хууль сахиулагч орон нутгийн нэгэн супермаркетын тавилгын тасагт нуугдан, дэлгүүр хаагдсаны дараа урьдчилж авч явсан лантуу, лом, өрөм ашиглан АТМ, төлбөрийн терминалыг онгойлгохоор оролдсон ч бүтэлгүйтжээ. Халдлага үйлдсэн этгээд гар хоосон гарахгүйн тулд дэлгүүрийн кассаас 40 мянган рубль, хоёр лааз хүч чадлын ундаа, нэг хайрцаг тамхи хулгайлаад гарчээ.
- Буруу ерөнхийлөгч Киприйн оршин суугчдад шинэ оны мэнд хүргэжээ. Шинэ оны шилжих шөнө Киприйн телевизийн CyBC суваг үзэгчдэд одоогийн төрийн тэргүүн Никос Анастасидисын бус харин өмнөх ерөнхийлөгч Димитрис Христофиасын шинэ жилийн мэндчилгээг нэвтрүүлжээ. Тус сувгийн удирдлага алдаагаа "хүний хүчин зүйл" гэж тайлбарласан байна. Тус сувгийн ажилчдын нэг нь буруу бичлэгийг санамсаргүйгээр асаасан болохыг тэмдэглэжээ. Кристофиас туйлын нэр хүндгүй улс төрч бөгөөд Киприйн хүн амын дийлэнх нь түүнийг тус улсад нүүрлэсэн эдийн засгийн хямралын гамшигт үр дагаварт түүнийг буруутгадаг.
- Францад шинэ оны шөнө 1067 машин шатжээ. Францад арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-ний хооронд 1067 машин шатжээ. Тус улсын Дотоод хэргийн сайд Мануэль Вальсын мэдэгдсэнээр энэ үзүүлэлт ердийнхөөс бага байна гэж мэдэгдэв. Өнгөрсөн жил тус улсад шинэ жилийн баярын үеэр 1200 орчим машин шатсан байна. Шинэ оны өмнөхөн Франц даяар 53 мянган цагдаа үүрэг гүйцэтгэж байсан ч тус улсад бүрэн эмх журам тогтоох боломжгүй байв. Өмнө нь машин шатаасан статистик мэдээг гэмт бүлэглэлүүдийн дунд өрсөлдөөн үүсгэхгүйн тулд орон нутгийн эрх баригчид нуун дарагдуулдаг байсан бол 2013 оноос хойш гэмт хэргийн талаар олон нийтэд мэдээлэх болжээ.
- Украины зохион бүтээгч дуут бэлгэвч бүтээжээ. Ер бусын утгагүй шинэ бүтээлүүдээрээ алдартай Украины зохион бүтээгч Григорий Чаусовский дуут бэлгэвчийг бүтээж оны өмнөхөн патентжуулжээ. Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл нь дуутай ил захидлын зарчмаар хийгдсэн аж. Өөрөөр хэлбэл жижигхэн дуу авиа гаргадаг төхөөрөмжтэй холбогдсон мэдрэгчтэй гэсэн үг. Амрагуудын байрлал өөрчлөгдөхөд бэлгэвчийн аялгуу мөн өөрчлөгддөг бөгөөд дууны өдөр нам нь хосуудын хүсэл тачаалаас хамаарна. Энэ бэлгэвч удахгүй худалдаанд гарах гэж байгаа бөгөөд "чимээгүй" загвараасаа хэд дахин илүү үнэтэй байх төлөвтэй байна.