Засгийн газрын өнөөдрийн ээлжилт хурлаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Э.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ “Удахгүй шинэ төсвийн жил эхлэх гэж байна. Ирэх оны төсөвтэй холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх 8 хэсгээс бүрдсэн тогтоолын төсөл батлагдсан.
Тухайлбал уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх гээд төсвийн зардал талдаа нийгмийн суурь үйлчилгээний санхүүжилтийн шинэчлэл төсвийн хэмнэлтийн горимыг үргэлжлүүлэн мөн төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэлүүлэх талаар хэрхэн ямар схемээр явах талаар нарийвчлан чиглэл өглөө.
Мөн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, гадаад тусламжийн хувьд дамжуулан зээлдэгч нарын санхүүжүүлсэн төслийн өрийг барагдуулах, эдийн засгийн чанарыг сайжруулах талаар чиглэл өгсөн.
Эдгээр агуулга дотроос сүүлийн үед олон нийтийн дунд орон нутаг болон нийслэлд байгаа төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомхтгох, ажлын байрыг нь өөрчлөх, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх талаар үл ойлголцол үүсээд байна.
Одоогоос яг жилийн өмнө 2022 оны 12 дугаар сарын 24-нд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батласан. Уг хуулийн 20.1.18-д “Боловсрол, эрүүл мэнд, нийгэм соёлын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээ нь орон нутгийн чиг үүрэгт шилжсэн. Өөрөөр хэлбэл барилга байгууламжтай холбоотой нийтлэг үйлчилгээний чиг үүрэг нь тухайн байгуулагынхаа биш, орон нутгийн захиргаа руу энэ чиг үүрэг шилжсэн.
Энэ функци нь тухайн сумын, дүүргийн, аймгийн Засаг даргын Тамгын газрын эрх мэдэл чиг үүргийн ажил болсон. Үүнийг Төсвийн тухай хуулиар биш, орон нутгийн нэгжийн тухай хуулиар жилийн өмнө зохицуулалт хийсэн. Энэ асуудалтай холбоотой цалин урамшуулал, нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой бүх зардал яг одоо байгаа албан хаагчдынхаа тоогоор төлбөрт тусгагддаг тэр жишгээрээ орон нутгийн төсөвт шилжсэн байна” гэлээ.
Мөн тэрбээр хэлэхдээ, "2022 он энэ оныг бодвол харьцангуй эдийн засгийн өсөлттэй байна гэсэн судалгаа гарсан. Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газраас энэ онд нэлээд ажил хэрэгжүүллээ. Жилийн эцсийн байдлаар эдийн засгийн өсөлт 4 орчим хувь гарах байх гэж таамаглаж байна. Харин ирэх онд 6 хувьд байх болов уу гэсэн хүлээлттэй байна. Ирэх оноос ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих гурван хувийн зээл нэг их наяд төгрөгөөр үргэлжилнэ. Энэ бол маш том дэмжлэг болно гэж харж байна.
"Ковид"-ын хуулийг 6 сараар сунгая гэснээс доторх заалтыг хөндөөгүй. Тэрнээс ганц заалтыг хөндөж гаргахаар Засгийн газрын шийдвэр гарлаа. Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагч нар шаардлагатай болсон тохиолдолд урсгал зардал, хөрөнгийн зардал хоорондоо зохицуулалт хийж болно гэж хуучин байдаг байсан. Сая долдугаар сарын нэгэнд хийсэн өөрчлөлтөөр энийг заавал Улсын их хурлаар оруулж байж шийдвэрлэнэ гэсэн 7.2 гэсэн заалт орсон. Уг заалтыг сунгах хугацаанд авья гэсэн ийм л нэмэлт заалтын өөрчлөлт байгаа. Ипотекийн зээлтэй холбоотой заалтыг хэвээр үлдээж байна.
Цаашид бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцтай холбоотой асуудлыг Монгол банктай хамтарч нухацтай ажиллана. Энэ удаагийн үнийн өсөлт зөвхөн биднээс шалтгаалахгүй. Гадаад хүчин зүйлээс маш их шалтгаалж байна. Европ, Америкийн том эдийн засагтай орнуудын хувьд коронавирусийн цар тахал гэхээсээ илүү үнийн хөөрөгдлийн асуудал маш тулгамдсан асуудал болоод байна" гэлээ.