Дэлхийн өрсөлдөх чадварын төв нь (ДӨЧТ) “Дэлхийн авьяас, ур чадварын өрсөлдөөний тайлан 2021”-ийг эрхлэн гаргасныг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс мэдээллээ. Уг тайланд 64 улсыг хамруулснаас манайх 61 дүгээрт эрэмбэлэгдэн өмнөх жилийнхээс гурван байр ахисан аж. Улс орнуудыг эрэмбэлэхдээ хөрөнгө оруулалт болон хөгжлийн хүчин зүйлс, авьяас, ур чадварыг татах чадамж, бэлэн байдлын хүчин зүйлс гэсэн үндсэн гурван бүлгийн мэдээллийг ашигладаг аж. Эдгээр нь боловсролын систем, ажлын байран дахь сургалт, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар, боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт зэрэг 31 шалгуур үзүүлэлтийг агуулдаг юм байна. Манай улсын хувьд энэ удаагийн тайланд ажилчдын сургалт 17, авьяас чадварыг татах 24, хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ 15, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшнээр 15 дугаарт эрэмбэлэгдсэн нь эл салбарт ахиц гарч буйн жишээ гэнэ. Харин хөрөнгө оруулалтын хөгжлийн хүчин зүйлс үзүүлэлтээр 59, тухайн салбарт мэргэшсэн мэргэжилтэн, ажиллах хүчийг томилох нээлттэй байдлаар 61, их сургуулийн боловсролын чанар 64, амьдралын чанар 63, санхүүгийн ур чадвараар 61 дүгээрт багтжээ. Ташрамд дурдахад, дээрх жагсаалтын эхний гурван байрт Швейцар, Швед, Люксембург багтсан бол БНХАУ 36, ОХУ 47 дугаарт бичигдэн, Перу, Өмнөд Африк сүүл мушгижээ.