“VAST MONGOLIA” продакшны бүтээсэн “Улаан шугам” баримтат кино МҮОНТ-ээр маргааш үзэгчдийн хүртээл болно.
Тус киноны гол үйл явдал нь Монгол Улсад ковидын халдвар хурдтай тархаж нөхцөл байдал хүндэрсэн үед буюу 2021 оны 6 сараас өрнөж 2021 оны 9 сар хүртэл үргэлжилнэ. Мөн ковидын халдварыг дотооддоо алдсан буюу 2020 оны 11 сараас эхлэн 2021 оны 8 сар хүртэлх цар тахалтай холбогдох бусад үйл явдал, тоо баримтуудыг тусгажээ.
Киноны гол, туслах дүрүүд болох эмч, өвчтөн, тэдний ар гэр, бусад дүрүүд нь ямар ч зохиомжгүй учир тэдний ажил амьдралын бодит түүхэд тулгуурлан кино зохиолыг гаргасан байна.
Зураг авалтыг ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ЭХЭМҮТ, Цэргийн төв эмнэлэг, НЭМҮТ, “Улаанбаатар буян” компани зэрэг 10-аад байгууллагад хийж гүйцэтгэжээ.
Хэнийг ч орхихгүй, хамтдаа хөгжих Тогтвортой хөгжлийн үндсэн зарчмыг баримтлан киногоо бүх хүмүүст үзэж, сонсож, харж ойлгоход зориулан дохионы хэл, хадмал орчуулгатай болгосон. Мөн хүний эрхийг хүндэтгэн ХЭҮК-ийг зөвлөхөөр ажиллуулсан гэдгийг уран бүтээлчид хэлж байна.
Тус баримтат киноны ерөнхий продюсерээр Ц.Нинжжамц, продюсерээр Э.Энхтүвшин, ерөнхий найруулагчаар Д.Батбаяр, ерөнхий зураглаачаар Э.Алтан-Очир нар ажилласан бол Д.Даваадулам кино зохиолыг бичиж,ариутган шүүжээ.